Saturday, May 10, 2008

...Хөвнөм би, хайр байдагт итгэж.
Хөл доорх шавхайд хальт гишгэсэн ч...
Хөгжүүн зангаа хаа нэгтээ гээсэн ч...
Хүүхэд ахуй шигээ ханхүүгээ хүлээмээр.
...Жиргэнэм би, зүгээр л баясаж.
Жаахан охин шиг цурхиртал уйлчихаад
Жижигхэн өрөөндөө ганцаараа бүжиглэчихээд
Жилээр биш хормоор амьдармаар...

Friday, May 9, 2008

...

...Инээмсэглэл нүдэнд минь гэрэлтэж
Энгүүн өглөөг жаргалтай угтавч
...Нарны илч мянган цацрагаар дутуу
Намираа бороо түмэн дуслаар ядуу



...Чамайг үгүйлээд

Thursday, May 8, 2008

...

...Таван жилийн өмнө тасарч болох
Тасархай шугам, амьдрал
Үргэлжлэхийн учир...
...Тас хар бэх цаасан дээр буух
Тайтгарал минь, шүлэг
Үргэлж хамт...

Wednesday, May 7, 2008

...Үүрд!?

...Таны нүдэнд би өнгөлөг харагдаж.
Танхил, эмзэг, эмэгтэйлэг үзэгдэж.
Энхрийлмээр, хайрламаар, хамгаалмаар санагдаж.
Энэ чинь харин, хэр удах бол?!

Tuesday, May 6, 2008

Цоож...

...Ганцаардлаа би зүрхнийхээ гүнд
Цоожилчихсон...
Гань ганцаараа сууж л байг.
...Гансарч, ганцаардаад, гаргачихвал
Цоччихно...
Ганц үр минь.

...ээжээ та...








Эгэлээс эгэл
Эргэлдэх өдөр хоногуудын
Өмнө нь биш ард нь чирэгдэж
Өнхөрч явааг минь
...зэмлэхсэн.
Гэхдээ

Эрэвгэр үрийг минь
Энхрийлж, надаас олон үнсэх
Дэндүү хайранд тань нялхарч
Дандаа би, гэнэн явахсан...

Ээжээ, та
Энд, дэргэд минь байвал...

Monday, May 5, 2008

...

Гар, амьсгал, хөдөлгөөн чинь
Ганц дутагдал, тамхи татах чинь
Галзууруулах нь...
Тэвэрт чинь шөнөжин эрхэлсэн ч
Тэнэг хайр, тэсгэлгүй хүсэл
Дундрашгүй нь...