Tuesday, June 10, 2008

...Дуслаад л дуслаад л дуслаад л
Дотогш шингэнэ.
...Урсаад л урсаад л урсаад л
Ууршиж дэгдэнэ.
Ангаад л цангаад л ангаад л
Ахиад л хүлээнэ.
Асгараад л асгараад л асгараад л
Амарч дэвтэнэ.

Wednesday, May 28, 2008

...Нэгэн шүлэг

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

... Р.Эмүжин

Monday, May 26, 2008

...

...Туулах амьдралд
Тулах цэг минь
Эхлэх цэг минь
Очих цэг минь

...Дураараа сэтгэлийн
Дулаахан эмзэглэл минь
Дундрашгүй чадал минь
Дүүрэн жаргал минь

...Зүтгэх итгэлийн
Зоргоороо ундрага минь
Зөөлхөн гуниг минь
Зөндөөн их хайр минь...


... Гүнж минь.

Wednesday, May 21, 2008

Бороо


...Уужран дотор цэлмэнэ
Урин, цэнгэг урсгалд.
Усан дусал бөмбөрөх
Урдах зам өнгөлөг...
...Алхаа хөнгөрөн сэвэлзэнэ
Агаар шунаглан сороход.
Амьсгал гүнд шингэж
Амьдрал амт орох...

Sunday, May 18, 2008

...Түүнд

... Зүгээр нэг хүлээх биш
Зүрх минь элэгдэхийг
Зүгээр нэг нойр хулжих бус
Зөн минь төөрөхийг
...Өнгөрөх хормын тоогоор
Өөрөөс минь чи ууршиж
Дусал дуслаар гээгдэж дундрахыг
Дуугүйхэн харж сууж

... тэсэшгүй нь.

Friday, May 16, 2008

...Найман тоо дарж залгах эрх
Надад байхгүй.

Эгшсэн гомдлоо нулимсаар угаамаар ч
Инээдээр далдалдаг
Гэлдрэх хоногуудад ганцаар бүдрэвч
Гэнэгүйхэн ухааждаг.

Сэтгэлээ хэлхэж зурвас илгээх зүрх
Чамд үгүй...

Thursday, May 15, 2008

...Нүдээ би анихыг хүснэ...
Нүглийг, хүслийг, нууцыг
Нэвт харагдуулахгүйн тулд
Нимгэн зовхины цаана далдлахыг хичээнэ...