Thursday, November 18, 2010

Yesterday night...


Шүхэрлэн буух цасан доор зогсоод
Дээш харахад
Шинэхэн мөрөөдөл бүжиглээд

Хас цагаан, цор ганц тэрээр
Хацар дээр
Хайлж надад шингээд

Ирмэхийн зуур зүрхэнд хүрэхдээ
Итгэл үрслүүлж
Ирэх өдрүүдийн зураг болоод

Цэв цэвэр, тунгалаг үдшийн агаар
Цээж дүүргээд
Цээл ухаан, саруул бодлоор амьсгалах

Friday, October 8, 2010

...Шидтэн

...Жаахан гарын илч
Бодол дулаацуулж төөнөх
Жаргалтай өхөөрдөм үгс
Бухимдал мартуулж урсах
...Дэрэвгэр, хөгжүүн аашаар
Чивчрэх сэтгэлийг тайлах
Дэлхий багадах хайрыг
Чанад зүрхэнд шингээх
... чамдаа би хайртай.

Thursday, October 7, 2010

Би...Хайрын болзоонд анх зогсоход...Чи.. Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ...


Би...
Хаа холын сар ширтэн
Зvрхээ дүүргэж
Ханхүүг хүлээх гүнжийн дvрээр
Зүүдээ манаж
Зөрөөд өнгөрөх дурлал биш
Голын хайр
Заяа тавилан минь
Гэж итгэдэг ... охин байсаан.

Friday, September 24, 2010

Үл дуусах...

... Хөглөж чадвал сэтгэлийн эгшиг үл дуусах
Хөтлөж чадвал бодлын учиг үл алдрах
Мэдэрч чадвал орчлонгийн аялгуу үл давхцах
Мэрийж чадвал олон садаа үл анзаарагдах
...Тордож чадвал таашаал мэдрэмж үл гандах
Таниж чадвал хүмүүний чанар үл дундрах
Хадгалж чадвал итгэлийн үнэ цэн үл хуучрах
Хайрлаж чадвал зүрхний эрч хүч үл хэмжигдэх

Tuesday, September 21, 2010

9.9

...Тэр нэг намрын навчистай хамт сэгсрээд
Тэгээд л газарт шингэчихсэн дурлал
Яг тэр алтан шаргал өнгө, зүрхэн хэлбэрээрээ
Явах замд минь дүүрэн хөглөрөөд
...Дууслаа гээд итгэлээ гөвсөн нүцгэн сэтгэл
Дуугүй мэлмэрэх модод дагаж чийг даагаад
Ахиад л ирчихсэн буцах цагийн гуниг сөргөөж
Амьсгал бүр чамаар дүүрэх нь юуны учир...

Thursday, September 9, 2010

...эгшин

...Сүүдэргүй гэрлээр дүрийг тань зурах
Сүүмийх итгэлээ үгээр тань өрдөх
Турь муутай эмзэг ухаанд
Тайвшруулж хэлэх үг дутах
...Зүрхэнд ойрхон цалгих мэдрэмжийг
Зүйж бүтээх авиа олдохгүй
Зүгээр л энхрийлж, чимээгүй аргадмаар ч
Зориг үл хүрэх...

Monday, June 7, 2010

..үл дуусах


...Нүгэлт хүмүүсийн нэг
Нөгөөх л эрчүүдийн нэг
Унаж үхмээр үзэсгэлэн үгүй
Уужирч, баясмаар оюун үгүй
...Тийм л ердийн, нүдэнд торошгүй
Тэвчээр, цаг хугацаа алингаар нь ч зэвсэглээгүй
Тэрний өмнө, зүгээр л дэлгэгдчихсэн зүрхээ
Тэвхдэж цоожлоогүй миний л алдаа...