Wednesday, March 28, 2007

...Агаар зүсэж, салхи сөрөх шиг
Амьсгал дүүрэн авч, хаашаа ч юм нисэх шиг
Нүдээ аниад тэврэх гарыг мэдрэх шиг
Надад уусахыг тэвчиж ядан хүлээх шиг
...Чинийх биш миний гээгдсэн хэсэг шиг
Чичирхийлэл авиа хаа хол цуурайтах шиг
Чих, нүд, хөл, гар минь үүний төлөө бүтээгдсэн шиг
Чив чимээгүй .. амьдрал сая эхэлж байх шиг

Tuesday, March 27, 2007

...Өө, миний танил уруул
Үнсүүлэх дуртай ч өмчилж чадахгүй
Өнө эртний учралыг сануулсан
Өнгө тод, амт ялдам.
...Өө, миний хүслэнт харц
Өнөөх л тунгалаг хэвээр
Өмгөөлөл, хайр, бодрол дүүрэн
Өршөөнгүй гүн, мөнх гэрэлтэй.

Monday, March 19, 2007

...Чимээгүй бороо зөөлөн шивэрч
Цэцгийн дэлбээнд хоргодон ундаална.
Ангасан хүлээлтээ хураар тайлах
Алаг цэцэгст би атаархана...
Намуухан үлээх салхины аясаар
Нялххан улиас эрхлэн бөхөлзөнө.
Сэтгэлийн үгээ харамгүй шивнэх
Сэвшээ салхинд би бас л атаархана...

Wednesday, March 14, 2007

...Нүглээн нууж, нүдээн булшилсан мэт
Над руу харахгүй байх чинь гунигтай.
Дур булаам, гайхам төрхийг анзаарахгүй
Дуугүй зөрөх чинь өрөвдөлтэй...
...Уруулын амтыг мартсан дүр эсгэж
Удаан сууж чадахгүй холдох чинь уйтгартай.
Өрөөлийн дэргэд толгой дээгүүр зогсож
Өр зүрхээ сонсохгүй байх чинь гашуудалтай...

Monday, March 12, 2007

...Хацарт минь зөөлхөн шүргэх
Халуухан амьсгааг чинь мэдэрнэм.
Сонсогдох төдий намуухан үгс
Салхин сэвшээ шиг хөнгөхөн хөвнөм.
...Нүдээ аниад чимээгүй суухдаа
Нэг л дотнохон чамайгаа харнам.
Харцыг чинь хайж эгцлэх ширтэхдээ
Харанхуйн дунд ганцаар сэрнэм.

Friday, March 9, 2007

...Урт, урт өдрүүд арай ядан сажилсаар
Удаан хүлээсэн мөч нэг л мэдэхэд ирчихжээ
Уярал, хүлээлтээр хөглөсөн сэм, сэмхэн мөрөөдөл
Учрал гэдгийг эндээс хайгаад, хайгаад олсонгүй...
...Цөхрөлийн нулимс унагаж уй гуниг зарлаагүй
Чамайг гэсэн сэтгэл цалгиж дундраагүй нь үнэнч
Хүрэх л юмсан гэж мөлхөөд ч болсон зүтгэх
Хүсэл, итгэлийн хязгаараас одоо би хаачих юм бэ...

Wednesday, March 7, 2007

....

...Сарнай цэцэг надад бүү бэлэглээрэй
Сайн муу хосолж байдаг орчлонд
Инээд нулимс холилдож ирдэг хорвоод
Ишиндээ өргөстэй гоо үзэсгэлэн надад илүүднэ...

Monday, March 5, 2007

...нэгэн дуу

...Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарна аа...
...Өнгийн цэцэгсийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын ч аргагүй
Өөрийн тань үрийг нар шиг гэвэл ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна аа..

Thursday, March 1, 2007

...Энэ өдөр


... Дууг минь сонсоод ижийн минь нүднээс тасарсан
Дусал нулимс дотор юу багтсаныг ойлгосон өдөр
Өөрт нь очих гээд унаж босож зүтгэхэд минь
Өр зүрхэндээ ижий минь яаж жаргасаныг мэдэрсэн өдөр
...Хамгаас энхрий, хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе.