Wednesday, December 26, 2007

...Шувуухай...

Дээр нэгэн цагт хажууд минь
Жиргэж дагадаг байсан дууч шувуухай
Дуугүй, ноомой, бүрэгхэн царайлаад
Жигүүрээ чирээд, сүүдэрт алхана...

…Хүсэл минь чиний далавч шиг
Хөлд гишгэгдэж, үнгэгдэж, унтарчээ
…Хүлээлт минь чиний дуу шиг
Хөшүүн чимээгүй, нам гүм болжээ…

Friday, December 21, 2007


...Хайрладаг байсаан.
Хамаг бүхнийг чинь
Амлаж хэлсэн биелээгүй үгсийг чинь
Алдаа онооо, аминч занг чинь
Уярч сонсож, уужирч өршөөж
Унаган сэтгэлээ чамд л өгсөн.
...Харин одоо
Хайрлах тэнхэл алга.
Олон өнгөөр солонгорох гэгээн өдөрт
Онож над дээр тусах сүүдэр чи болсон.
Олон олон гомдол цөхрөлд
Одоо л нэг төгсгөл ирлээ...

Friday, December 7, 2007

...гунигт нэгэн

...Дуулах дуутай
Урсах нулимстай
Дундрах сэтгэлтэй
Ундрах хүсэлтэй
...Дурсах учралтай
Тэмүүлэх мөрөөдөлтэй
Дурлах зүрхтэй
Тэр жаргалтай...

Monday, December 3, 2007

Хэлээч...


...Сартай ханьсан гуниж мөрөөссөн
Сайхан зүүд минь чи мөн үү
Салхитай хамт шивнэж нисгэсэн
Сэтгэлийн үгс минийх билүү...
...Хорвоогийн олон өнгөн дундаас
Харцанд чинь би үлдсэн гэж үү
Хамгаас илүү чамд дасчихаад
Хэлэх ёсгүйг дэлгэчихсэн юм уу...

Tuesday, November 27, 2007

...Хайр гуйж...

...Оосоргүй орчлонд надад оноогдсон
Охин заяа минь уртсан бол
Зориг гарган, итгэл өвөрлөж
Зорьж очоод хаалгыг чинь тогшихсон...
...Хариу хүлээн, чимээгүй ширтэж
Харц тулахдаа санаа алдаж
Цэнхэр сараар хань татаад
Цонхны чинь доор шөнөжин зогсохсон...

Эрхэмээд...

...Намрын эхэн сарын хорин долооны саран
Намуун зөөлөн гэрлээ ганцхан надад зориулах мэт
Нартад анх ирсэнээ хоолой мэдэн зарлахад чинь
Надаас түрүүнд уулзсанаа бардамнаж бас гайхуулах шиг.
...Зүүд зөнгийн биелэл гэж итгэж ядан биширмээр
Зөндөө олны дундаас ч дэндүү содонхон чамтай
Заяа тавилангийн зөрөг давхцах хувьгүй гэлээ ч
Замын нэгээхэн уулзварт огтлолцоод өнгөрсөнд баярланам...

...Дурсамж...

...Саран гийсэн намуухан шөнөөр
Санаашран одод ширтэн зогсохдоо
Цаг хугацаатай алссан одсон бүхнийг
Цаглашгүй огторгуйгаас олохсон гэнэм...
...Яг л ингэж ганцаар гуниж сууснааа
Яагаад ч юм чамайг л хүлээдэг байснаа
Хааяа нэг ирэхэд чинь догдлон сандардгаа
Хаалганы чинь дэргэдүүр алхаа зөөллөн өнгөрдөгөө
...Өөр хэн ч анзаараагүй ялдамхан мишээлийг
Өөрөөсөө ч нууж явсан яруухан мөрөөдлийг
Сэтгэлд шингэж үлдсэн дотнохон учралыг
Санаандгүй хэлээд өнгөрсөн ганцхан үгийг
...Дурсан санахдаа зүрх булгилж
Дутуу бүхнийг итгэлээр гүйцээгээд
Бодол, хүслээ оддын гэрлээр сүлээд
Богинохон шөнийг гунигтайгаа хамт үднэ ээ...
Jich: Chandmanii zuvluguug dagah gsn bolovch 'Sursan umgiig suraar booj boldoggui' gegcheer buruu zuruu bicheed bolsongui ee, sorry! :-)

Monday, November 12, 2007

...Өөр...

Би өөр
Бусад шиг бус
Бишэд нэгэн
Би өөр

Нүд минь уйлдаггүй урсдаг
Нулимс минь урсдаггүй ууршдаг.
Инээд минь цацардаггүй, шингэдэг
Итгэл минь шингэдэггүй, нэвчдэг.
...Үүлнээс тасарч наранд уусах хоромхондоо
Үзэсгэлэнтэй ... шүүдэр.
Үнэнээс зөрж буруу гишгэх зөрүүддээ
Өөдрөг ... сэтгэл.

Tuesday, October 16, 2007

Бороог хүснэ...


...Дандаа шивэрдэггүйдээ
Бороо тийм уярам
Дандаа инээдэггүйдээ
Би тийм уяхан.
...Дандаа онодоггүйдээ
Сэтгэл тийм дэврүүн.
Дандаа олддоггүйдээ
Жаргал тийм амттай.

Monday, October 1, 2007

...Бодрол

...Урдах зам урсана, гүн харанхуй руу хөтлөнө
Урсах аялгуу намуухан, гүн сэтгэлийг хөндөнө.
Баяртай гэж хэлээгүй учрал шинэхэн байдаг
Балыг нь амсаагүй цэцэг өнгөлөг байдаг.
...Хамтдаа байж үзээгүйдээ түүнийг үгүйлдэг
Хажуугаар өнгөрсөн нэгэн нь зүүдэнд үзэгддэг
Хийгээгүй, хэлээгүй бүхэнд зүрх минь догдолдог
Хөтлөх энэ зам...дүргүйг минь хүргэдэг..............
............энэ хэний мөр бол?...............................

Wednesday, August 22, 2007

...

...Над руу яаран ирэхгүй үдшийн тоо шиг
Намуухан шөнийн одод, анивчина.
"Чиний" бүхнийг үгүйлсэн шөнүүд шиг
Чийгтэй цэцэгс шүүдэртэн гялбана.
...Нойрмоглохыг чинь өхөөрдөж би чамайг сэрээхгүй
Нойтон үсийг минь илбэж чи намайг энхрийлэхгүй
Өглөөний цайгаа чамд зориулж дээжлэхгүй
өнөөдөр шиг өдөр,,, дахиад тохиохгүй ээ.

Monday, August 20, 2007

...Амлалт

...Хэзээ ч, итгээ ч , ганцхан
Хамгийн, үнэн, гарцаагүй...
Үнэмшилтэй, сонсголонтой гэлээ ч
Үг л байдаг.

...Танд

...Инээмсэглэх, зөөлөн дууг тань сонсож
Энгүүн, өөрийхөөрөө дүрийг тань ширтэж
Хажууд тань өнгөрөөсөн мөч бүр
Хамгийн жаргалтай...

...

...Чиний дэвсэлж дэвсэлчихсэн
Чин сэтгэлээс
Цус, ус, нулимс ч гарахгүй юм.
...Чиний гишгэлж гишгэлчихсэн
Гүн итгэлээс
Цөхрөл, тайтгарал, гомдол үнэртэхгүй юм.

Wednesday, July 25, 2007

...Нэгэн дуу

...Хэзээ ч чи минь наддаа ирэхгүй болохоор
Хэн нэгний дулаахан хайр үгүйлэгдэх юм.

Энхрий дотно тэврэлтийг чинь мартахсан гэвч
Эргэх цагын аясанд би дасахсан гэвч
Зүрхэнд чинь мөхсөн миний л хайранд
Хэн нэгний хайр, хэн нэгний хайр
Үгүйлэгдэх юм.
...Хааяахан, харуусан гуниж
Хааяахан, хайрандаа шатаж
Хажуугаар зөрөх залууст
Хааяахан, харц шидэлж
...Хааяахан, чамайг дурсаж
Хааяахан, мөрөөсөн дэгэлзэж
Хамгийн жирийн амьдралдаа
Хааяахан, бардамнаж алхнам.

...

...Хар бүхнийг чинь цагаан болгож хардаг
Хайрын нүдээ хаа нэгтээ гээчихсээн.
Хажууд чинь суугаад шөнөжин даардаггүй
Халуун илч чинь хэзээ ч юм хөрчихсөн.

Wednesday, July 18, 2007

...Үр минь / би үр бишээ охин ш дээ, ээжээ/

...Өлмий дээрээ гишгэлж, хацар үнсэж хайрладаг
Өглөө нүдээ нээгээд, хөөр болж инээдэг
Хэрсүүхэн "яагаад" шулганаж ээжийгээ мад тавидаг
Хэвлүүхэн "дурлал" дуулж хэн хүнийг инээлгэдэг
...Эрх, энхрий, эвий жаахан үрийнхээ
Инээх, уйлах эгшин бүрийг нь мэдэхгүй бол
Эрхлэх, наадах ааль бүрийг нь анзаарахгүй бол
Эвлүүлж хэлэх үг бүрийг нь сонсохгүй бол
...Хархан нүдэнд нь ухааны гэрэл улам тодрохыг
Хамгаас үнэнч хайр тэр л харцанд гэрэлтэхийг
Харж чадахгүй өнгөрөөсөн мөч бүрийн төлөө
Хожим харамсана, гэр лүүгээ явлаа...

Thursday, July 5, 2007

Эвлэрэл

...Гомдлоо тайлж, чамдаа эрхлэхүй
Гарын чинь тэврэлт илүү чанга болсон шиг
Хатуурхаж, хөндийрсөн хэд хоногт
Хайр минь дарс болж иссэн шиг
...Уруул чинь анхных шиг энхрийхэн
Уусч шингэмээр хүсэл минь халуухан
Удаан хүлээсэн шиг мөч бүр амттай
Ухаарлаар хөглөгдсөн учрал минь шинэхэн ...

Friday, June 29, 2007

...Гишгэсэн мөр минь минийх
Гэнэхэн итгэл минь ч минийх
Хүслээн дагаж би энд ирсэн
Хүн шиг жарганаа гэж итгэсэн
...Амласан үг минь чинийх
Анхны бүхэн минь чинийх
Хайраа хулжааж алдаад
Харуусаж суугаа минь хэнийх...

Friday, June 22, 2007

Хайрын, харцны, нарны, насны халуун

...Би урсана
Чи урсана
Бид хоёр хоёулаа урсана
Бие бие рүүгээ биш
Бишэд хол руу чимээгүй урсана...

Tuesday, June 19, 2007

...Уух ус минь чиний инээмсэглэл
Ундрах, урсах, долгилохыг чинь хүснэм.
Амьсгалах агаар минь чиний үнсэлт
Ариухан, цэнгэг сэвшээг чинь хүлээнэм.


...Дэндүү хүслэн минь чиний энхрийлэл
Дэвэрч, асгарах дундрашгүй эелдэгийг чинь гайхнам
Дээдийн мөрөөдөл минь чиний хайр
Дэнсэлж, хэмжимгүй хүрэшгүй эрхэмсгийг чинь биширнэм...

Thursday, June 14, 2007

Sorry

…Хангалттай сонссон
Хайртай гэдгийг чинь
Ханаж бялууртлаа...
Хариу бүү нэхээ.
…Уруул давахгүй
Зүрх шивнэхгүй
Ам эвлэхгүй
Сэтгэл багтаахгүй нь ээ…

Wednesday, June 13, 2007

...Өчигдөр


...Зугаатайхан жаргалаараа хөвөх навч шиг
Урсгал дагасан хэдэн мөч
Зүгээр л нүдээ аниад юу ч бодолгүй
Уусч эрхэлсэн цөөхөн хором
...Хүсдэггүй, таалдаггүй этгээд бүхнийг
Хүрч амталсан тоотой цаг
Хийдэггүй, зөвшөөрдөггүй хил хязгаараас
Хөл давсан сонин өдөр
...Хамаагүй нэгэн шиг өөрийгөө огоорч
Хэнэггүй өнгөрүүлсэн хачин шөнө
Тэртээ нэгэнтээ харамсаж магадгүй
Тархиа салгасан нэг хоног...

Wednesday, June 6, 2007

...Хамгийн түрүүнд нар тусах энгэр шиг
Дулаахан сэтгэл
Хөх тэнгэр тольдох гүн ус шиг
Дуртмал харц
...Өглөө болгон мандах нар шиг
Халуун илч
Өөдөө тэмүүлэх өндөр оргил шиг
Ханашгүй эрч

Wednesday, May 30, 2007

...Чи чадахгүй

... Хэдэр үгс чинь нарны гэрлийг бүүдийлгэж чадахгүй
Хэдий хүсэвч чиний өмнө би гудайхгүй
Харанхуй бодолд чинь мөрөөдөл минь төөрөхгүй
Хайртай гэлээ ч сэтгэлийн гэрлээ чамд булаалгахгүй
...Төсөөлдөг шиг чинь тийм бүсгүй би болохгүй
Тэрслүү, өөдрөг итгэлийг минь чи мохоохгүй
Өчнөөн шаналлаа ч харцны минь гал бөхөхгүй
Өчүүхэн зүрхний чинь зоргоор би амьдрахгүй ээ.

Monday, May 28, 2007

Хүсэл

...Мөчийн төдийд хэлээд өнгөрсөн үг чинь
Мөрөөдлийн харшийн суурь боловч
Хичээн байж бодолдоо урласан хүслийн хотыг
Хормын зуурт зөрөөд өнгөрөхдөө чи нураачихдаг.
...Ганган тансаг гэлээ ч мөрөөдлийн тэр харш
Ганцхан үгэнд балгас болох дэндүү хэврэг.
Үнсэн дундаас боловч ахиад л диваажинг босгох
Үйлийн үртэй миний хүслэн хэзээ ч унтрашгүй.

Wednesday, May 23, 2007

...Үймэх олны дунд би ганцаар сан билүү.
Үгээр, ханаар, царайгаар би тусгаарлагдаж.
Надаас хамаарах, надад хамаатай нэгээхэн ч зүйл
Нартад үгүй шиг, дэндүү аймшигтай.


...Үл таних царай, дөхөж ойртоод
Үгүй ядахнаа уурладаг сан болоосой.
Ямар хачирхалтай вэ, бүх юм
Яг хажуугаар урсаад, цаг хугацаа хүртэл...

+, -

...Өрөөлийг хайрласан сэтгэлд чинь
Өрөвдөж харсан харцанд чинь
Өршөөл гуйж хэлсэн үгэнд чинь
Өс авах шиг хариу барихсан.
...Дэндүү их итгэлийн төлөө
Дэврүүхэн хайрынхаа төлөө
Догдлом мөчүүдийн төлөө
Дурлах шиг чамайг шүтэх сэн.

Monday, May 21, 2007

Миний ...

...Сарнайн дэлбээнд тогтчихоод зуурдхан баясах
Саваагүйхэн шүүдэр, миний хайр
Салхины исгэрээнд дөнгөж амилаад
Сарнисан эгшиг, миний хүсэл
...Сөгнөсөн хундага хөлчүүрхэн уйлах
Сархадын амт, миний гуниг
Санаагаар болохгүй ч жамаараа эргэх
Сарны тойрог, миний амьдрал

Friday, May 18, 2007

...Бороо, болорхон ижилхэн дусалд
Би, дэндүү дуртай.
...Ширхэг бүр нь ариусал тээж
Шиврээнд нь алхаа зөөлрөх
Борогхон өдрүүдийн өнгө сэргээж
Битүүхэн харцанд оч асаах...
...Бороо, бодолд нэвчих ихэрхэн дусалд
Би, дэндүү дуртай.

Wednesday, May 16, 2007

...

...Хав хар, дув дугуй тэр ертөнцөд
Харцнаас чинь зугтаж, харцыг чинь хайж
Харанхуйд төөрч, гэрэлд гялбаж
Хаачихаа мэдэхгүй ч, тойрог дотор.
...Цэв цэлмэг, дув дуугүй нэг өдөр
Цэг тавьчихаад, гадагш алхана.
Эргэх тэнхлэгээр биш, шулуун татаж

Эндээс явж одно, эргэж харахгүй ээ.

Tuesday, May 15, 2007

...Нэгэн дуу

...Чамайг үгүйлэн би уйлан дуулан суусан.
Чимээгүйхэн бороо надтай ханьссан.
Тэртээх тэнгэрт бүүдийх ганц ч үүлгүй
Тэр л өдрүүдэд би ганцаардсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.
...Санаашран суусан өдрүүдээ би мартаад
Сайхан зүүдэндээ чамайг нуусан сан.
Харанхуйгаас зугтах сэтгэлийн өглөөд
Харц чулуудах мэт наран мандсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.Х
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.

...Олох болов уу

...Давалгаалж, цалгилж, шуурч, тогтож
Дандаа өөрчлөгдөх, далай шиг амьдрал
Жаргаж, гомдож, цөхөрч итгэж
Жижигхэн сувдыг хайж шумбах хүний сэтгэл...

Thursday, May 10, 2007

Гомдол

...Бялхаж цалгисан, дэндүү хайрын хариуг барьж байгаа чинь энэ үү
Бардам сэтгэл, гоо хүслэнгээр бахархаж байгаа чинь энэ үү.
Бүсгүй эмзэг, турьхан биеийг энхрийлж байгаа чинь энэ үү
Буй бүхнээрээ, сэтгэл зүрхээрээ эрхэмлэж байгаа чинь энэ үү...

Wednesday, May 9, 2007

...Гиюрэл


...Нартай, цэлмэг, дулаахан сайхан
Нам гүм, тайван, санаа амар
Нээг их жаргалтай баймаар энэ өдөр
Нэг л зүйлийг сэтгэл,нэхээд байх юм...

Tuesday, May 8, 2007

Борооны дараа...

...Яруу, гэнэхэн дурсамж шиг
Ялгуун, намуухан үдэш
Саяхны бороонд агаар ариусаж
Сайхан, зүүд шиг учрал амтагдана.
...Ялдам, тэнэгхэн миний л хайр
Гишгэсэн мөрөнд минь гэрэлтэж үлдсэн.
Яг одоо харц тулгарах
Гэгэлгэн сэтгэлээ хайж алхнам.

Monday, May 7, 2007

...Тэнгэрийн нулимс мэт хурын дусал
Тогтоол уснаа санаа алдан бууна.
Хаанаас ирсэнээ ор тас мартчихаад
Харанхуй шалбаагт чимээгүй уусчихлаа.
...Чи, бороон дусал гэдгээ эргэн санаач.
Цэцгийн дэлбээ чамайг анган хүлээж байгаа.
Болзоотын ёсоор тэргүүнээ өргөсөн түүндээ
Буцаж очихын төлөө үүл болон дэгдээч...

Thursday, May 3, 2007

...Төөрөгдөл


...Мэдэхгүй юм даа, чамайг би мартчихсан юм сан.
Мөч, хормын хугацаанд ч ганцаардаж гунидаггүйг чинь л мэднэ.
Халамцуухан үгээр зүрх сийчиж үнэсэхэд чинь
Хайр бишийг нь мартчихаад зүүдэлж сэрдэг болчихож...

Харц

...Эргэж харалгүй, базаж шидсэн цаас шиг
Эзнээ олохгүй, хөлчүү юм шиг тэнэсэн
Эгдүү хүргэсэн, дээр нь гараад дэвсэлмээр
Эрээ цээргүй, зам дээр унасан харц байх юм.

Monday, April 23, 2007

...Магадгүй

... Давхраат алаг, гайхам сайхан биш
Даруухан бор, гүн бодролт нүднээс
Бүсгүй ааль, бүрэг хүслэнг уншиж
Бүтэн амьдрал, бүлээн хайрыг амтлаарай.
...Салхи татуулсан, гайхаш төрүүлсэн бус
Сэвгүй хөнгөн, ялимгүй зөөлөн алхаанаас
Чамд л зориулсан зүрхний дууллыг сонсож
Чанд журам, хорвоогийн жаргалыг таниарай.

Friday, April 20, 2007

...

...Үзэн яднам, би чамайг
Үзэн ядсандаа нүдээ аниад үнснэм.
Үйлт уруул минь чичрэхэд
Үнэн хайрынх гэж чи андуурнам...
... Р.Эмүжин

Thursday, April 19, 2007

...Ерөөл оршиг.

...Мэлтийх сарны нулимс тосож
Миний зүрхэндээ сөгнөсөн гунигийн дарс
Хүйтэн гэгээнд дэлбээ задлах цэцэгсийн
Хөлчүү шүүдрээр нэгтээ сэржим өргөе.
...Харьж ирэх шувуудын ганганаанд сэргэхдэээ
Хайр тээсэн сэтгэл минь эрүүл байг.
Хайлж урсах цас цэцэг болж өндийхөд
Харцанд царцсан зүрх итгэлээр цохилог.

Wednesday, April 18, 2007

...Алга аа.

...Дүүрээд, багтаж ядан бөмбөрдөг нулимс алга
Дэрээ тэврэн нойргүй хонодог шаналал алга
Аргадахад чинь асгараад ирдэг хайр алга
Аалийг чинь өхөөрдөн ивэлдэг хүсэл алга
...Гар чинь хүрэхэд улаа бутардаг догдлол алга
Ганц үгэнд гомдож эрхэлдэг тунирхал алга
Хэлэхсэн гэж жилээр хадгалдаг үг алга
Хичнээн хайвч зүрхний буланд ч чи алга аа...

Tuesday, April 17, 2007

...Хөрөг

...Хамаагүй хол, зүрхний гүнд
Хадгалагдаж байдаг чиний зураг
Ганддаггүй, хуучирдаггүй
Гайхам сайхан, залуухан дүр
...Нүдэн дэхь цог, нүүрэн дэхь инээмсэглэл
Нэг л удаа харсан тэр төрх
Зурвасхан, хааяа намайг сандрааж
Зүүдэндээ би санаа алддаг аа.

Monday, April 16, 2007

...Найз минь дээ
Нартад амьдрал гэж юу юм бэ...
Найдах, итгэх сэтгэлийн дөл
Надаас чам руу дүрэлзэн байдаг шүү.
...Гэгэлзсэн сэтгэлд хурсан гомдлыг
Гэм зэмээр цайруулж болдоггүйг
Гирэвших зүрхний цагаан хүслээр
Гэсгээл хүртэх нүгэл үйлддэгийг би ойлгосон.

Friday, April 13, 2007

... Итгэл үгүй сэтгэл надад ирэг
Эрин зууны хүрдэнд би өөрөө элэгдэг
Ээдэрсэн бодол тайлж худал үнэн урсаг
Энэлэл, баясал дүүрэн өдөр хоног солигдог
...Цээжинд нь наалдан унагасан нулимс хатаг
Цэвэр цагаан цасан дээр мөр минь үлдэг
Хэзээ ч юм буцаад ирэхэд хайлчихсан байг
Хайр л юмсан гэж шүүрс алдан одог ээ.
...Бороон дусалд гунигаа юүлж ганцаардахдаа
Бодолд чинь сүүдрээ тусгахаас эмээнэм
Босох суухдаа нэрийг чинь мартдаг ч
Борогхон өдрүүдийг инээмсэглэлээр чинь өнгөлнөм.

Thursday, April 12, 2007

...Хайрын насыг шохоорхол наслахгүй
Харцны сайхныг үг гүйцэхгүй
Хэлэх амлалтыг зүрх сонсохгүй
Хэдэн хормыг зуунаар ч солихгүй
...Яагаад гэвэл хайр мөнх настай
Яагаад гэвэл харц дэндүү хүчтэй
Яагаад гэвэл зүрх зүрхээ л чагнана
Яагаад гэвэл зуун агуулгаар хэмжигдэнэ.

Tuesday, April 10, 2007

...Цэв цэнхэр, тэг дөрвөлжин биш
Час улаан, гурвалжин хэлбэрт би
...Шав шар тэнгэрийн доорх
Хав хар тал дундуур урсах
Цав цагаан горхины чимээгүй уснаас
Тув тунгалаг дотоод руугаа юүлэхдээ


...Тэртээх үүлэнд сүлжилдэх загаснууд
Тэгтлээ чангаар юуг дуулдагыг гайхширан
Өдөт жигүүрээ цуцтал нисвээс
Өнөөхөн цагаан тэнгист хүрэхийг эргэлзэн
...Этгээд, сондгой, тэгш бус галбирт ертөнцийн
Эзэн бус, эхлэн суралцагч би вээр
Аанай л мөрөөсөн бодлогоширсоор
Алхан... биш ээ, гулсан одно.

Monday, April 9, 2007

...Баяр хөөр, аз жаргалд минь чи
Бараан сүүдрээ тусгах юм.
Усанд бэх дусаах шиг
Удаан, аажуухнаар хордуулах юм.

..Бачимдан, дотор минь харанхуйлавч
Бахь байдгаараа чамайг уучлах
Өөдрөг, ухаалаг... үнэндээ тэнэг сэтгэл
Өш хорсол, үг хэлийг минь баглана...

Wednesday, April 4, 2007

...Ганцхан алхмын цаана төгсгөл отож байлаа ч
Гайхамшгаар дүүрэн, энэ амьдрал
Гансрал, ганцаардлаар тархийг залхаавч
Гэнэгүй учрал зүрх догдлоох, энэ амьдрал
...Гашуун нулимсанд угаагдаж өнгө ороод
Гэрэл ойлгож нүд гялбуулах, энэ амьдрал
Гарт атгуулсан аз жаргалын тухай үлгэрээ
Гарцаагүй үнэнтэй андуурч итгэдэг, энэ амьдрал

Tuesday, April 3, 2007


...Алдаан дотор чинь миний гэм багтдаг.
Амьсгал дотор чинь миний амь байдаг.
Аньсага нээхэд чинь миний нүд гэрэлтдэг.
Андуу гишгэхэд чинь миний зүрх шимширдэг.
... Харуусал гунигт чинь миний нулимс ивэлдэг.
Хээгүй инээмсэглэлд чинь миний сэтгэл хоргоддог.
Цохилох зүрхэнд чинь миний дусал урсдаг.
Цөөхөн үгэнд чинь миний мөрөөдөл цогцолдог...

Wednesday, March 28, 2007

...Агаар зүсэж, салхи сөрөх шиг
Амьсгал дүүрэн авч, хаашаа ч юм нисэх шиг
Нүдээ аниад тэврэх гарыг мэдрэх шиг
Надад уусахыг тэвчиж ядан хүлээх шиг
...Чинийх биш миний гээгдсэн хэсэг шиг
Чичирхийлэл авиа хаа хол цуурайтах шиг
Чих, нүд, хөл, гар минь үүний төлөө бүтээгдсэн шиг
Чив чимээгүй .. амьдрал сая эхэлж байх шиг

Tuesday, March 27, 2007

...Өө, миний танил уруул
Үнсүүлэх дуртай ч өмчилж чадахгүй
Өнө эртний учралыг сануулсан
Өнгө тод, амт ялдам.
...Өө, миний хүслэнт харц
Өнөөх л тунгалаг хэвээр
Өмгөөлөл, хайр, бодрол дүүрэн
Өршөөнгүй гүн, мөнх гэрэлтэй.

Monday, March 19, 2007

...Чимээгүй бороо зөөлөн шивэрч
Цэцгийн дэлбээнд хоргодон ундаална.
Ангасан хүлээлтээ хураар тайлах
Алаг цэцэгст би атаархана...
Намуухан үлээх салхины аясаар
Нялххан улиас эрхлэн бөхөлзөнө.
Сэтгэлийн үгээ харамгүй шивнэх
Сэвшээ салхинд би бас л атаархана...

Wednesday, March 14, 2007

...Нүглээн нууж, нүдээн булшилсан мэт
Над руу харахгүй байх чинь гунигтай.
Дур булаам, гайхам төрхийг анзаарахгүй
Дуугүй зөрөх чинь өрөвдөлтэй...
...Уруулын амтыг мартсан дүр эсгэж
Удаан сууж чадахгүй холдох чинь уйтгартай.
Өрөөлийн дэргэд толгой дээгүүр зогсож
Өр зүрхээ сонсохгүй байх чинь гашуудалтай...

Monday, March 12, 2007

...Хацарт минь зөөлхөн шүргэх
Халуухан амьсгааг чинь мэдэрнэм.
Сонсогдох төдий намуухан үгс
Салхин сэвшээ шиг хөнгөхөн хөвнөм.
...Нүдээ аниад чимээгүй суухдаа
Нэг л дотнохон чамайгаа харнам.
Харцыг чинь хайж эгцлэх ширтэхдээ
Харанхуйн дунд ганцаар сэрнэм.

Friday, March 9, 2007

...Урт, урт өдрүүд арай ядан сажилсаар
Удаан хүлээсэн мөч нэг л мэдэхэд ирчихжээ
Уярал, хүлээлтээр хөглөсөн сэм, сэмхэн мөрөөдөл
Учрал гэдгийг эндээс хайгаад, хайгаад олсонгүй...
...Цөхрөлийн нулимс унагаж уй гуниг зарлаагүй
Чамайг гэсэн сэтгэл цалгиж дундраагүй нь үнэнч
Хүрэх л юмсан гэж мөлхөөд ч болсон зүтгэх
Хүсэл, итгэлийн хязгаараас одоо би хаачих юм бэ...

Wednesday, March 7, 2007

....

...Сарнай цэцэг надад бүү бэлэглээрэй
Сайн муу хосолж байдаг орчлонд
Инээд нулимс холилдож ирдэг хорвоод
Ишиндээ өргөстэй гоо үзэсгэлэн надад илүүднэ...

Monday, March 5, 2007

...нэгэн дуу

...Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарна аа...
...Өнгийн цэцэгсийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын ч аргагүй
Өөрийн тань үрийг нар шиг гэвэл ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна аа..

Thursday, March 1, 2007

...Энэ өдөр


... Дууг минь сонсоод ижийн минь нүднээс тасарсан
Дусал нулимс дотор юу багтсаныг ойлгосон өдөр
Өөрт нь очих гээд унаж босож зүтгэхэд минь
Өр зүрхэндээ ижий минь яаж жаргасаныг мэдэрсэн өдөр
...Хамгаас энхрий, хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

Wednesday, February 28, 2007


...Сажилж ядсан өдрүүдийг ганцаар тоолж
Сар нарны хооронд дурсамжаар амьсгалж
Хоосон зүрхний гүнд шүүдэр цуглуулж
Хүслийн турьхан цэцэгсийг аргадаж усалнам.

Tuesday, February 27, 2007

...Царайг чинь би мартчихжээ
Цас, хэзээ орсныг ч анзаарахаа байж.
Таталж, сараачсан тэвдүүхэн мөрүүд шиг
Тэвчээргүй хүсэлд догдолж шаналахаа болиж, Гэвч
...Зөрөөд л өнгөрсний төлөө гомдол нэхэж
Зүрхэндээ уйлдаг байсан тэнэгхэн охин
Зүүдний ертөнцөд сэтгэлээр минь тохуу хийж
Зүсийг нь мартсан түүнд өртэй юм шиг өгчихөж...

Monday, February 19, 2007

...эрхэм нэгэнд

... Зорьж яваа оргилд тань хэлбийлгүй хүргэх
Зөв, дардан замаасаа хажуу тийш алхаж
Үнэргүй өвс, даруухан цэцгийг энхрийлж
Үд дундын наранд түрхэн амсхийнэ үү.

...Санаа төдий бүхнийг амьдралд авчрах
Шид бүрдсэн гарын тань дулаахан илбэлтэнд
Үндэслэж, ургахдаа ч зөнгөөрөө бяцхан цэцэгхэн
Өөр шиг тань агуу гэж хэсэгхэн баясаг аа.

Wednesday, February 14, 2007

...Нулимстай, инээдтэй, гомдолтой, баясалтай
Нуумаар, яримаар, дурсмаар, мартмаар
Оршилгүй, төгсгөлгүй, олдошгүй, дуусашгүй
Онцгой, энгийн, анхны, эцсийн
...хайрын өдрийн мэнд хүргэе.

Monday, February 12, 2007

..."Аксиом"-оор бичигдэж, "теором"-оор батлагдсан ч
Амьдралын хуулийг би зөрнө.
Огторгуй дахь параллель хоёр шулууныг
Огтлолцоно гэж би зүтгэнэ.
..Эхлэлтэй, төгсгөлгүй цацраг байлаа ч
Эргээд ирнэ гэж би хүлээнэ.
"Эсрэгээс нь батлах" аргыг хайхралгүй
Эрслэн хэлэх үгийг чинь л хүлцэнэ.

Saturday, February 10, 2007

...Харц, хайр, хагацал
Харуусал, гуниг, ухаарал
Ариусал, тэмүүлэл, тэмцэл
Амжилт, жаргал, харц...

Wednesday, February 7, 2007

...Мөнх л бусын жамаар ирээд буцсан
Мөрөөдлийн шувуухай минь цовоохон дуутай
Шүүдэрт цэцэгс, шөнийн сайхны тухай
Шүлгэлэн жиргэчихээд нисэн одлоо.
...Яруухан аялгуунд уярсан сэтгэл
Ядуухан хорвоогийн бартааг анзаарсангүй.
Үнэнд тээглэж нулимс урсгахдаа ч
Үнэндээ хичнээн гашууныг нь мэдэрсэнгүй...

Monday, February 5, 2007

...Таны тухай бодлоон би єєрєєсєє нуудаг
Танхил зан, эрх харцаа бусдаас зугтаалгадаг

Үүрд гэж амлах эрхгүйдээ хүслээн хєєдєг
Үнэн гэдгийг мэдэх хэдий ч худал гэж итгэдэг...

Friday, February 2, 2007

...Цэв хүйтэн хөнгөхөн агаар
Цээжинд минь зөн авчирч урсана.
Цагаахан гялбам цасан
Чихрах дуунаар бодол үргээнэ.
...Хэзээ түүнд дурласнаа
Хэрхэн гуниж сууснаа мартчихаад
Гэрэл ойх тэр л зүг рүү
Гэнэтийн учралыг хайж одно.

Thursday, February 1, 2007

... Зөрөөд өнгөрөх сайхан залуу над руу инээмсэглэх
Зүгээр л нартай цэлмэг өдөр эхлэх
Ижий минь сайн охин шүү гэж магтдаг байсныг санах
Итгэлтэй, бардам байгаагаа мэдрэх ... энэ аз жаргал

Tuesday, January 30, 2007

...Чиний хэлээгүй үгсийг
Сэмхэн өөртөө давтаж
Чив чимээгү й ертөнцөөс
Сэтгэлээ нэхэж суухдаа
Авах л ёстой юм шиг
Бардамхан гэлээ ч
Аглагхан зүрхний гүнд
Бодол минь төөрчихөв өө...

Monday, January 29, 2007

...Нэг л зүүд шөнө болгон үзэгдэж
Нэг л газар нулимсан дусал шингэж
Нэг л замаараа цор ганцаар алхаж
Нэг л хүсэлд зүрх сэтгэл хөндүүрлэж
...нээрэн би залхах болоогүй юм уу.

...?

...Цаасны өөдсөөр зүрхээн төлөөлүүлж
Чанад холоос, дааж ядам
Дэндүү гунигийг дугтуйлж илгээчихээд
Дэргэдээс минь юунд алслаав.

Friday, January 26, 2007

...Зуны аадар, тэргэл сарыг би ямар их үгүйлнэ вэ.
Зуслангийн дулаахан шөнөөр нойр хулжих сан.
Анхилам, чийглэг үнэр хамар цоргихыг мэдэрч
Алс холын оддыг гар сунган тоолохсон
...Орчлонд хэн хүнийг хайрлаж, хайрлуулж
Оргилж, дундарч явах заяагаан тэмтэрч
Өдөр шиг ирээдүй өмнө минь тосохыг мэдэрч
Өөрийн минь орон зай хорвоод бийд баярлах сан...

Thursday, January 25, 2007

...Гуниг баяраар саамшсан сэтгэлээс шүлэг асгардаг.
Гэрэл, сүүдрийн сөөмхөн зөрөөнд тавилан мэндэлдэг.
...Гэтэх мэт цаг хугацаа бүхнээр тохуурхдаг.
Гэнэтийн учрал, санаандгүй тохиол дурсамж бэлэглэдэг.
...Хүсэл, хяслын ээлж солигдоход нулимс урсдаг.
Хүлээлт, цөхрөлд халаагаа өгөхөд нуур эзгүйрдэг.
...Бороо цас холилдон орж тэнгэр уйлдаг.
Бодол санаа ээдрэн будилахад тэвчээр барагддаг.
...Болох болохгүй үйл бүхэнд сэтгэл элэгддэг.
Босох суух зэрвэсхэн хоромд хорвоо эргэдэг.
...Төрөх үхэхийн зүйрмэг завсарт амьдрал багтдаг.
Төөрөг заяаны эмзэгхэн нугачаанд хайр байдаг.
...Энэрэх хорсохын эсрэг туйлууд таталцаж оршдог.
Эрлэг бурхны зоргоороо мутар хүссэнээ таалдаг.
..Ирэх буцахын жам ёс учрал билэгддэг.
Итгэл хайрын гэгээн журам жаргал дагуулдаг.

...Чамд

... Хөндийхөн мэндлэхэд чинь сэтгэл хөрж
Хөндүүрхэн зүрх яаж гунидгийг
Хэнэггүй харцанд чинь дагжин чичирч
Хэлэх үг чулуужин царцдагийг
...Жиргэх шувуухай шиг гэгээхэн хүслэн
Зэрвэсхэн үгэнд чинь далавчаа хугалдгийг
Жим даган бүдчих сохор хайр
Жирийн бүхнээс гэрэл хайдгийг чи мэдэхүү...

Tuesday, January 23, 2007

... Зүүдэнд алсдах хаа холоос
Зүсийг нь мэдэхгүй дотнохон сэтгэл
Уярааж, догдлууж, басхүү нууцхан
Уйтгар хөглөсөөр дэндүү удлаа.
...Цаасан шувуудын жигүүрт дайгдсан
Цагаахан үгс итгэл хөгжөөвч
Тааварлаж боломгүй битүүлэг бүхэн
Тэсэхийн аргагүй гуниг төрүүлээд...

...

...Сартай шөнөөр чамтай болзох минь зүүднийх
Санахын жаргалаар өөрийгөөн хуурах зөн билгийнх
Нулимстай дэвтэрт тэрлэсэн шүлэг хайрынх
Нууя гээд чадаагүй бүхэн харцных
...Хэлээд өнгөрсөн хайрын үгс чинь домгийнх
Хажууд байвч алс холын чи үлгэрийнх
Биелэх аргагүй сайхан зөгнөл мөрөөдлийнх
Бидэн хоёр хамт байх тавилан диваажингийнх

Monday, January 22, 2007

...Нам гүмийн дунд чимээгү й суухад
Надтай, чи хамт байдаг.
Үзэгний минь хөдлөхийг анхааралтай харж
Үсний чинь үнэр дэвтэрт шингэдэг.
...Бичсэн үсэг бүрийг хэлхэн уншиж
Бэх дусахад инээд алддаг.
Цочихдоо, бодлоо би үргээчихдэг.
Цонхон цаана бороо дусалж байдаг аа.

...

... Эгэл жирийн бүхнээс уйднам.
Ирж буцах өдөр хоногуудаас залхнам.
Амьд явааг минь сануулж
Алив, зүрх минь чангахан цохилооч...

Thursday, January 18, 2007

...Би

...Би, нүглээ нууж чиний өмнөөс инээж чаддаг
Би, нүдээн цавчилгүй хайртай гэж худлаа хэлдэг
Би, нээг их сайхан, гэнэхэн зангаар чамайг уяраадаг
Би, нэг л удаа юм чинь гэж өөрийгөөн уучилчихаад чамд очдог...

Wednesday, January 17, 2007

... Хацар эсгэх нулимс шиг гашуун болохоор нь амьдралд би хайртай
Хааяа чихэр амтлуулчихаад буцаагаад авчихдагт нь хайртай
Хүссэн бүхнийг минь ёсоор болгодоггүйд нь хайртай
Хүч хүрэхгүй нь гээд сөхрөхөд түшиж босгодогт нь хайртай.