Wednesday, February 28, 2007


...Сажилж ядсан өдрүүдийг ганцаар тоолж
Сар нарны хооронд дурсамжаар амьсгалж
Хоосон зүрхний гүнд шүүдэр цуглуулж
Хүслийн турьхан цэцэгсийг аргадаж усалнам.

Tuesday, February 27, 2007

...Царайг чинь би мартчихжээ
Цас, хэзээ орсныг ч анзаарахаа байж.
Таталж, сараачсан тэвдүүхэн мөрүүд шиг
Тэвчээргүй хүсэлд догдолж шаналахаа болиж, Гэвч
...Зөрөөд л өнгөрсний төлөө гомдол нэхэж
Зүрхэндээ уйлдаг байсан тэнэгхэн охин
Зүүдний ертөнцөд сэтгэлээр минь тохуу хийж
Зүсийг нь мартсан түүнд өртэй юм шиг өгчихөж...

Monday, February 19, 2007

...эрхэм нэгэнд

... Зорьж яваа оргилд тань хэлбийлгүй хүргэх
Зөв, дардан замаасаа хажуу тийш алхаж
Үнэргүй өвс, даруухан цэцгийг энхрийлж
Үд дундын наранд түрхэн амсхийнэ үү.

...Санаа төдий бүхнийг амьдралд авчрах
Шид бүрдсэн гарын тань дулаахан илбэлтэнд
Үндэслэж, ургахдаа ч зөнгөөрөө бяцхан цэцэгхэн
Өөр шиг тань агуу гэж хэсэгхэн баясаг аа.

Wednesday, February 14, 2007

...Нулимстай, инээдтэй, гомдолтой, баясалтай
Нуумаар, яримаар, дурсмаар, мартмаар
Оршилгүй, төгсгөлгүй, олдошгүй, дуусашгүй
Онцгой, энгийн, анхны, эцсийн
...хайрын өдрийн мэнд хүргэе.

Monday, February 12, 2007

..."Аксиом"-оор бичигдэж, "теором"-оор батлагдсан ч
Амьдралын хуулийг би зөрнө.
Огторгуй дахь параллель хоёр шулууныг
Огтлолцоно гэж би зүтгэнэ.
..Эхлэлтэй, төгсгөлгүй цацраг байлаа ч
Эргээд ирнэ гэж би хүлээнэ.
"Эсрэгээс нь батлах" аргыг хайхралгүй
Эрслэн хэлэх үгийг чинь л хүлцэнэ.

Saturday, February 10, 2007

...Харц, хайр, хагацал
Харуусал, гуниг, ухаарал
Ариусал, тэмүүлэл, тэмцэл
Амжилт, жаргал, харц...

Wednesday, February 7, 2007

...Мөнх л бусын жамаар ирээд буцсан
Мөрөөдлийн шувуухай минь цовоохон дуутай
Шүүдэрт цэцэгс, шөнийн сайхны тухай
Шүлгэлэн жиргэчихээд нисэн одлоо.
...Яруухан аялгуунд уярсан сэтгэл
Ядуухан хорвоогийн бартааг анзаарсангүй.
Үнэнд тээглэж нулимс урсгахдаа ч
Үнэндээ хичнээн гашууныг нь мэдэрсэнгүй...

Monday, February 5, 2007

...Таны тухай бодлоон би єєрєєсєє нуудаг
Танхил зан, эрх харцаа бусдаас зугтаалгадаг

Үүрд гэж амлах эрхгүйдээ хүслээн хєєдєг
Үнэн гэдгийг мэдэх хэдий ч худал гэж итгэдэг...

Friday, February 2, 2007

...Цэв хүйтэн хөнгөхөн агаар
Цээжинд минь зөн авчирч урсана.
Цагаахан гялбам цасан
Чихрах дуунаар бодол үргээнэ.
...Хэзээ түүнд дурласнаа
Хэрхэн гуниж сууснаа мартчихаад
Гэрэл ойх тэр л зүг рүү
Гэнэтийн учралыг хайж одно.

Thursday, February 1, 2007

... Зөрөөд өнгөрөх сайхан залуу над руу инээмсэглэх
Зүгээр л нартай цэлмэг өдөр эхлэх
Ижий минь сайн охин шүү гэж магтдаг байсныг санах
Итгэлтэй, бардам байгаагаа мэдрэх ... энэ аз жаргал