Thursday, February 14, 2008

...Аалийг чинь аргадаж
Аашийг чинь уучилдаг ч
Хүслээн тогтоож чадашгүй
Хүнийх байхыг чинь тэвчишгүй...

Tuesday, February 12, 2008

Хавар

...Цэцэгс амилах хавартай цуг
Цээжинд хүсэл сэрдэг.
Буцаж мятрах хүйтэнтэй хамт
Бодлоос гуниг үргэдэг.
...Навчис гөлөглөх моддын үнэрт
Нандин мөрөөдөл төрдөг.
Наашлах уриныг мэдрэн догдолж
Нас, зүс өнгөжин туяардаг...

Wednesday, February 6, 2008

@->-- ...

...Шат алгасан, хөл хөнгөрөх
Шинэхэн дурлалын амт
Солбиж зөрсөн харцаар сэрэх
Соньхон мэдрэмжийн охь
...Учиртай ширтдэг ч намбатай ярьдаг
Ухаалаг, царайлаг түүнийг харах
Хааяа тааралдах, хальт мэндлэх
Хачин жигтэй тааламжит шаналан...

Friday, February 1, 2008

Блог

...Үг, цэг, таслал
Үсэг, тэмдэгт, огноо
Өгүүлэл, дурсамж,тэмдэглэл
Өнөөдөр, өчигдөр, маргааш
...Инээд, нулимс, бухимдал
Эргэлзэл, эрэмшил, иргэншил
Энгүүн, хөгжүүн, ирмүүн
Эгэлгүй, бодьгүй, бодлын ертөнц.... блог.

...Ээждээ

...Дулаахан гараараа толгой илбэж
Дандаа намуухан дуугардаг ижий минь
Дэндүү эрт буцаад явахад чинь
Дэр нэвтэртэл уйлж чадаагүй ээ,охин чинь.
...Тэгэхэд дотогшоо залгисан нулимсаа
Тэнэглэх бүртээ одоо дусаадаг.
Хоолой зөөллөж үрээ дуудахдаа
Хонгорхон сэтгэл тань надад шингэснийг ухаардаг.
...Таниасаа хойш уйлах тоог цөөлж
Тэвчээрээ надад үлдээснийг тань ойлгосон.
Гарын илчээр хайраа дамжуулж
Ганцхан үрээ хайрлах ... би ээж.Яг л тань шигээ.