Thursday, January 25, 2007

...Гуниг баяраар саамшсан сэтгэлээс шүлэг асгардаг.
Гэрэл, сүүдрийн сөөмхөн зөрөөнд тавилан мэндэлдэг.
...Гэтэх мэт цаг хугацаа бүхнээр тохуурхдаг.
Гэнэтийн учрал, санаандгүй тохиол дурсамж бэлэглэдэг.
...Хүсэл, хяслын ээлж солигдоход нулимс урсдаг.
Хүлээлт, цөхрөлд халаагаа өгөхөд нуур эзгүйрдэг.
...Бороо цас холилдон орж тэнгэр уйлдаг.
Бодол санаа ээдрэн будилахад тэвчээр барагддаг.
...Болох болохгүй үйл бүхэнд сэтгэл элэгддэг.
Босох суух зэрвэсхэн хоромд хорвоо эргэдэг.
...Төрөх үхэхийн зүйрмэг завсарт амьдрал багтдаг.
Төөрөг заяаны эмзэгхэн нугачаанд хайр байдаг.
...Энэрэх хорсохын эсрэг туйлууд таталцаж оршдог.
Эрлэг бурхны зоргоороо мутар хүссэнээ таалдаг.
..Ирэх буцахын жам ёс учрал билэгддэг.
Итгэл хайрын гэгээн журам жаргал дагуулдаг.

1 comment:

Anonymous said...

Goyo bichjee...