Monday, April 23, 2007

...Магадгүй

... Давхраат алаг, гайхам сайхан биш
Даруухан бор, гүн бодролт нүднээс
Бүсгүй ааль, бүрэг хүслэнг уншиж
Бүтэн амьдрал, бүлээн хайрыг амтлаарай.
...Салхи татуулсан, гайхаш төрүүлсэн бус
Сэвгүй хөнгөн, ялимгүй зөөлөн алхаанаас
Чамд л зориулсан зүрхний дууллыг сонсож
Чанд журам, хорвоогийн жаргалыг таниарай.

Friday, April 20, 2007

...

...Үзэн яднам, би чамайг
Үзэн ядсандаа нүдээ аниад үнснэм.
Үйлт уруул минь чичрэхэд
Үнэн хайрынх гэж чи андуурнам...
... Р.Эмүжин

Thursday, April 19, 2007

...Ерөөл оршиг.

...Мэлтийх сарны нулимс тосож
Миний зүрхэндээ сөгнөсөн гунигийн дарс
Хүйтэн гэгээнд дэлбээ задлах цэцэгсийн
Хөлчүү шүүдрээр нэгтээ сэржим өргөе.
...Харьж ирэх шувуудын ганганаанд сэргэхдэээ
Хайр тээсэн сэтгэл минь эрүүл байг.
Хайлж урсах цас цэцэг болж өндийхөд
Харцанд царцсан зүрх итгэлээр цохилог.

Wednesday, April 18, 2007

...Алга аа.

...Дүүрээд, багтаж ядан бөмбөрдөг нулимс алга
Дэрээ тэврэн нойргүй хонодог шаналал алга
Аргадахад чинь асгараад ирдэг хайр алга
Аалийг чинь өхөөрдөн ивэлдэг хүсэл алга
...Гар чинь хүрэхэд улаа бутардаг догдлол алга
Ганц үгэнд гомдож эрхэлдэг тунирхал алга
Хэлэхсэн гэж жилээр хадгалдаг үг алга
Хичнээн хайвч зүрхний буланд ч чи алга аа...

Tuesday, April 17, 2007

...Хөрөг

...Хамаагүй хол, зүрхний гүнд
Хадгалагдаж байдаг чиний зураг
Ганддаггүй, хуучирдаггүй
Гайхам сайхан, залуухан дүр
...Нүдэн дэхь цог, нүүрэн дэхь инээмсэглэл
Нэг л удаа харсан тэр төрх
Зурвасхан, хааяа намайг сандрааж
Зүүдэндээ би санаа алддаг аа.

Monday, April 16, 2007

...Найз минь дээ
Нартад амьдрал гэж юу юм бэ...
Найдах, итгэх сэтгэлийн дөл
Надаас чам руу дүрэлзэн байдаг шүү.
...Гэгэлзсэн сэтгэлд хурсан гомдлыг
Гэм зэмээр цайруулж болдоггүйг
Гирэвших зүрхний цагаан хүслээр
Гэсгээл хүртэх нүгэл үйлддэгийг би ойлгосон.

Friday, April 13, 2007

... Итгэл үгүй сэтгэл надад ирэг
Эрин зууны хүрдэнд би өөрөө элэгдэг
Ээдэрсэн бодол тайлж худал үнэн урсаг
Энэлэл, баясал дүүрэн өдөр хоног солигдог
...Цээжинд нь наалдан унагасан нулимс хатаг
Цэвэр цагаан цасан дээр мөр минь үлдэг
Хэзээ ч юм буцаад ирэхэд хайлчихсан байг
Хайр л юмсан гэж шүүрс алдан одог ээ.
...Бороон дусалд гунигаа юүлж ганцаардахдаа
Бодолд чинь сүүдрээ тусгахаас эмээнэм
Босох суухдаа нэрийг чинь мартдаг ч
Борогхон өдрүүдийг инээмсэглэлээр чинь өнгөлнөм.

Thursday, April 12, 2007

...Хайрын насыг шохоорхол наслахгүй
Харцны сайхныг үг гүйцэхгүй
Хэлэх амлалтыг зүрх сонсохгүй
Хэдэн хормыг зуунаар ч солихгүй
...Яагаад гэвэл хайр мөнх настай
Яагаад гэвэл харц дэндүү хүчтэй
Яагаад гэвэл зүрх зүрхээ л чагнана
Яагаад гэвэл зуун агуулгаар хэмжигдэнэ.

Tuesday, April 10, 2007

...Цэв цэнхэр, тэг дөрвөлжин биш
Час улаан, гурвалжин хэлбэрт би
...Шав шар тэнгэрийн доорх
Хав хар тал дундуур урсах
Цав цагаан горхины чимээгүй уснаас
Тув тунгалаг дотоод руугаа юүлэхдээ


...Тэртээх үүлэнд сүлжилдэх загаснууд
Тэгтлээ чангаар юуг дуулдагыг гайхширан
Өдөт жигүүрээ цуцтал нисвээс
Өнөөхөн цагаан тэнгист хүрэхийг эргэлзэн
...Этгээд, сондгой, тэгш бус галбирт ертөнцийн
Эзэн бус, эхлэн суралцагч би вээр
Аанай л мөрөөсөн бодлогоширсоор
Алхан... биш ээ, гулсан одно.

Monday, April 9, 2007

...Баяр хөөр, аз жаргалд минь чи
Бараан сүүдрээ тусгах юм.
Усанд бэх дусаах шиг
Удаан, аажуухнаар хордуулах юм.

..Бачимдан, дотор минь харанхуйлавч
Бахь байдгаараа чамайг уучлах
Өөдрөг, ухаалаг... үнэндээ тэнэг сэтгэл
Өш хорсол, үг хэлийг минь баглана...

Wednesday, April 4, 2007

...Ганцхан алхмын цаана төгсгөл отож байлаа ч
Гайхамшгаар дүүрэн, энэ амьдрал
Гансрал, ганцаардлаар тархийг залхаавч
Гэнэгүй учрал зүрх догдлоох, энэ амьдрал
...Гашуун нулимсанд угаагдаж өнгө ороод
Гэрэл ойлгож нүд гялбуулах, энэ амьдрал
Гарт атгуулсан аз жаргалын тухай үлгэрээ
Гарцаагүй үнэнтэй андуурч итгэдэг, энэ амьдрал

Tuesday, April 3, 2007


...Алдаан дотор чинь миний гэм багтдаг.
Амьсгал дотор чинь миний амь байдаг.
Аньсага нээхэд чинь миний нүд гэрэлтдэг.
Андуу гишгэхэд чинь миний зүрх шимширдэг.
... Харуусал гунигт чинь миний нулимс ивэлдэг.
Хээгүй инээмсэглэлд чинь миний сэтгэл хоргоддог.
Цохилох зүрхэнд чинь миний дусал урсдаг.
Цөөхөн үгэнд чинь миний мөрөөдөл цогцолдог...