Thursday, August 20, 2009

...

...Чамайг хараад догдолдог зүрхээ
Чанга дэглэмтэй, бачуухан тасалгаанд
Царайг чинь мартахгүй санаад байгаа сэтгэлээ
Чарлаж дэвхцэвч сонсогдохгүй аглаг гүнд
...Хорьчихсоон, би өөрөө ч одоо олохгүй
Хүлээх, итгэх, шаналах хэрэггүй
Хэзээ эрч чөлөө амтагдахыг
Харин, цоожтой бүхэн тэсэж ядан хүлээдэг!?

Wednesday, August 19, 2009

...20 нас

... Сэмүүхэн дотроо хөвөлзөөд
Сэрүүхэн оройд гэгэлзээд
Хөл хөнгөн гэнэн нас
Хөгжим дуу шиг оргилох
...Дандаа дэрвэхгүй сэтгэлийн аргамжийг
Дарж хүлээд яах ч юм билээ.
Алдаж, шаналж, ухаарах жамыг
Амарчилж, үгчлээд яах ч юм билээ.

...зар

...Ганц тасалгаатай зүрх хөлслөнө гэнэ
Гарцаагүй өндөр шаардлага тавина гэнэ
Гарын үсэг зуралцаж гэрээ хийнэ гэнэ
Гайгүй сайн хайраар төлбөр авна гэнэ
...Хамгийн гол нь ганцаар эзэмшинэ гэнэ
Хажуугийн хөрш байж болохгүй гэнэ
Халуухан, дулаан, цоглог байх гэнэ
Хатуурхаж, хувирч, өөр болохыг зөвшөөрөхгүй гэнэ.

Thursday, August 13, 2009

...төгсөх агшин

...Цаг хугацаа хажуугаар өнгөрдөггүй
Чанх голоор, амь элээж урсдаг
Цаашлах зам үргэлж холд хүргэдэггүй
Чанад нууцлаг, амьдрал эвхэж урагшилдаг.
...Гэрэл унтрах шиг гэнэтхэн зогссон агшин
Гэсгээл бус, тавилан гэдэгтэй эвлэрэх.
Гэнэ сэрэггүй цочирдож үлдсэн сэтгэл
Гэрэл гэгээ, амт мэдрэмж дүүрэн бол тайтгарах.

Tuesday, August 11, 2009

...миний

...чагнаж үл дуусах дүлий сэтгэл
чагталж үл дуусах андуу хүсэл
итгэж үл дуусах зөрүү ухаан
элэгдэж үл дуусах зөөлөн зүрх

Friday, August 7, 2009

...салаа зам дээрх...


...Хэтэвчиндээ бүсгүйн зурагтай тэр залуу
Хэтэрхий гүн харцаар намайг ширтсэн
Хэлтэрхий болж түүнд нь живэхгүйн төлөө
Хамаг тэнхээгээрээ тархины ирмэгээс би зуурсан
...Хэдийнээ амьдралын цайзаа босгочихсон тэр залуу
Хэлэх хэрэггүй үгсийг амнаас минь унагачихсан.
Хээлж гоёоогүй үнэн сэтгэлийнх гэлээ ч
Хэрэгсэж,тээглэлгүй замаараа яв даа...
...............харцыг чинь мартахгүй ээ...

Wednesday, August 5, 2009

Жестокая любовь...



Мэдээгүй ээ, би хайр ийм гунигтай гэдгийг
Мэдээгүй ээ, би зүрх ингэж ганцаарддаг гэдгийг
Мэдээгүй, мэдээгүй..
Чамдаа аз жаргалыг хүсээд үлдлээ
Чанх урагшаа л хар, эргэж харамсахгүй ээ
Хэзээ ч чи бид дахин уулзахгүй, хэрэггүй...
Хэлэх гэснээ бүгдийг нь би хэлчихсэн...