Friday, September 24, 2010

Үл дуусах...

... Хөглөж чадвал сэтгэлийн эгшиг үл дуусах
Хөтлөж чадвал бодлын учиг үл алдрах
Мэдэрч чадвал орчлонгийн аялгуу үл давхцах
Мэрийж чадвал олон садаа үл анзаарагдах
...Тордож чадвал таашаал мэдрэмж үл гандах
Таниж чадвал хүмүүний чанар үл дундрах
Хадгалж чадвал итгэлийн үнэ цэн үл хуучрах
Хайрлаж чадвал зүрхний эрч хүч үл хэмжигдэх

Tuesday, September 21, 2010

9.9

...Тэр нэг намрын навчистай хамт сэгсрээд
Тэгээд л газарт шингэчихсэн дурлал
Яг тэр алтан шаргал өнгө, зүрхэн хэлбэрээрээ
Явах замд минь дүүрэн хөглөрөөд
...Дууслаа гээд итгэлээ гөвсөн нүцгэн сэтгэл
Дуугүй мэлмэрэх модод дагаж чийг даагаад
Ахиад л ирчихсэн буцах цагийн гуниг сөргөөж
Амьсгал бүр чамаар дүүрэх нь юуны учир...

Thursday, September 9, 2010

...эгшин

...Сүүдэргүй гэрлээр дүрийг тань зурах
Сүүмийх итгэлээ үгээр тань өрдөх
Турь муутай эмзэг ухаанд
Тайвшруулж хэлэх үг дутах
...Зүрхэнд ойрхон цалгих мэдрэмжийг
Зүйж бүтээх авиа олдохгүй
Зүгээр л энхрийлж, чимээгүй аргадмаар ч
Зориг үл хүрэх...