Friday, December 22, 2006


...Хайлдаггүй цас байдаг
Хагацдаггүй хайр байдаг
Хэлж ирдэггүй учрал байдаг
Хэзээ ч мартамгүй үг байдаг...

Tuesday, December 19, 2006

...Итгэл

...Мартахгүй гэдэгт минь
Магадгүй, хайранд минь ч бүү итгэ
Нулимс унаган чамайг энхрийлж
Нууцхан харж явдагт бүү итгэ
Нэрийг чинь амандаа шивнэж
Дүрийг чинь зүүдэлж сэрдэгт бүү итгэ
Чин үнэнч анхны хүслэн
Чи гэдэгт л итгээрэй...

Saturday, December 16, 2006

...Р.Эмүжин

Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...


Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.

...Төгсгөлгүй

...Хов хоосны дунд би тэнүүчилж
Холдож одсон өчигдрийг маргаашаас эрнэ.
Мөнөөх л дурсамжийг гандаалгүй хадгалж
Мөрөөдөл минь гэж хааяа андуурна.
...Гишгээд өнгөрсөн навчис хөлд орооцолдож
Гэнэтхэн асгарах бороонд би дахиад л норно.
Эцэс төгсгөлгүй тойргоор өнгөрснийг хайсаар
Элэгдэх мөчид надаас ганц л зүйл үлдэнэ...
...Зөндөөн их уйлмаар
Зүрхэн дэхь гуниг дундартал уйлмаар
Ирэхгүй ижийгээн дуудаж уйлмаар
Итгэлээн эргэж дүүртэл уйлмаар
Хачин их уйлмаар
Хамаг бурууг чамаас хайж уйлмаар
Хайртайг чинь мэдэртлээ уйлмаар
Хардаж шаналгасныг чинь мартаж уйлмаар

Thursday, December 14, 2006

...Хэлэх үг

...Хаа нэгтээ, яг одоо чи минь
Харуусаж эсвэл баярлаж
Зүрх чинь цохилж
Зөөлхөн амьсгалж байгаа
Хаа нэгтээ, аль эрт мартагдсан
Хайлган сэтгэл чамайг үгүйлж
Зөндөө догдолж, бодолдоо жаргаж
Зүрхэлдэгийг, мэдэхгүй яваа...

Wednesday, December 13, 2006

...Мөр минь гарсан цас зуу дахин хайлж
Мөнх бусын хорвоод чиний сүүдэр уусч
Мөнөөхөн хайраа хаана гээснээ мартах цагт
Мөрөөдөлд учраагүй чи минь минийх болно...

Monday, December 11, 2006

...Тандаа

...Хатууг зөөллөсөн харцанд тань хайртай
Хажууд нөмөрлөсөн итгэлд тань хайртай
Хэзээд үнэнч зүрхэнд тань хайртай
Хиргүй тунгалаг сэтгэлд тань хайртай

...Өөрчлөлт???

... Үгүй ээ, чи хэв хэвээр
Өнөөх л ялдам мишээл, бодол тунасан харц
Шөнөжин суух тэвчээр, ялимгүй нойрмог
Шимтэх бодлын харгуй нүдэнд чинь илхэн
...Ороод очвол инээмсэглэж угтах юм шиг
Огтын өөр хүнийх болоогүй юм шиг
Өчнөөн урт хугацаа өнгөрөөгүй
Өнөөдөр, тэр өдөр юм шиг

Thursday, December 7, 2006

...Хэрвээ


... Хавар эртийн яргуй нүдлэх цаг шиг
Хахирган цасан дээр анхны бороо асгардаг сан бол
Хайрласан сэтгэлийн чинь илчинд зүрх минь уярч
Хажууд чинь очоод мөнхөд хамт байхсан...
...Би нар шиг, бороо шиг, цэцэг шиг
Бүүдийж гэрэлтэж, асгарч татарч, гандаж дэлбээлж
Би намар шиг, хавар шиг, зун шиг
Буцаж холдож, эргэж дөтөлж, жаргаж дэлгэрч
Би ургаж, урсаж, элэгдэж
Би уйлж, дуулж, амьдарнам...

...Хавар

...Хагдарч унасан навчис тайван нойрсож
Ханш нээх цагаар дуулж сэрдэг
Хайлж урсах цас цэцэг болж өндийхөд
Харцанд царцсан зүрх итгэлээр цохилдог...

...Намар

...Дэлгээстэй цонхны тавцан дээр бороон дусал товшиж
Дэргэд минь чи чив чимээгүй зогсох намрын үдэш
Сэмхэн жиндэвч дурлалын галд дулаацаж
Сэтгэлээс чинь өөрийгөө олно гэж найдсаар...
...Зэрэгцэн зогсовч сэтгэлээс минь алсалсаар
Зэргэлээ болохыг чинь зүрх таамаглаж
Зөн татахад нүдийг чинь эгцлэн ширтсэн ч
Зөөлөн харцыг чинь хайрынх гэж андуурсан.

Tuesday, December 5, 2006

...Өвөл

...Цагаахан уй зүрхэн дайдад хэсүүчилж
Цасны чихрах гуниг хөглөж хөндүүрлээд
Сарны хүйтэн туяа сэтгэл нэвт сүлбэх
Салхи исгэрэх шиг хөнгөн цэвдэг үдэш
...Гэрэл зүглэсэн өнчин харгуй эвхэх
Гэтэх мэт өсгийн бүдэгхэн товшилт
Хайрын бяцхан очийг хэмнэлдээ тээж
Хагацлын торгомсог нөмрөгийг сэмээрхэн тайлнам...

...Ухаарал

... Ганцхан өдрийн өмнө би гэнэн байсан
Гадаа, гэртгүй дуу аялдаг жаахан охин
Газарт унасан навчис хавар амилдагт
Гал дээр ус асгадаггүйд итгэж явсан...

Monday, December 4, 2006

...Сийлбэр


... Гал халуун зүрхээн барьж байгаад
Ян торгон үзүүрээр нь, чиний сэтгэл дээр
Чамд би хайртай... гэж
Час улаанаар бичих сэн.

Friday, December 1, 2006

...Аяз






...Хэзээ ч юм бэ тулгарсан, нууцхан харцыг хаймаар
Хэнд ч юм бэ одоохон, хайрын үгээ шивнэмээр
Үүлс үүлсийн дээгүүр мөрөөдлөөр жигүүрлэн нисмээр
Үггүй догдлох зүрхээрээ дурлалын симфони тогломоор...

... Баярлах минь


...Зүүд зөнгийн биелэл гэж итгэж ядан биширмээр
Зон олны дундаас ч дэндүү содонхон чамтай
Заяа тавилангийн зөрөг давхцах хувьгүй гэлээ ч
Замын нэгээхэн уулзварт огтлолцоод өнгөрсөнд баярланам...

... ......төлөө!

...Чим чимхэн дуслаар зүрхэнд нэвчсэн хайр
Чиний төлөө өргөе гэтэл хундага дүүрсэнгүй
Боолчлогдсон сэтгэлээ чөлөөлж шавхая гэтэл
Бодол, дурсамжаар сэлбэгдээд дундарсангүй...