Wednesday, April 30, 2008

...Хүлээнэм

...Айсуй учралыг
Амттайхан үнсэлтийг
Аагим халууныг
Асгарах бороог
...Дотно тэврэлтийг
Догдлом мөчүүдийг
Тэвчишгүй хүслийг
Тэнгэрлэг хайрыг...

Monday, April 28, 2008

...

...Дүрс хийж ассан тэр гал
Дулаахан бус шатаам халуун...
Цоройлж өндөрт дүрэлзсэн ч
Цогшиж үлдэлгүй унтарсан.
...Илч нь насных бус цагийнх
Илүүдсэн хүслийнх
Ичингүйрлээ гээсэн гэлээ ч
Инчийн төдий завсрынх...

Friday, April 25, 2008

...

...Зүрх минь хайр дуулна.
Зүүд минь учрал дуудна.
Зөн минь чамайг зүглэнэ...
Зөвхөн ухаан ... болохгүй гэж шивнэнэ.

Thursday, April 24, 2008

...1999-10-03

...Зуныг үдсэн анхны цагаан цас
Зурвасхан гэрэлд шүхэрлэн байсан.
Халуухан алган дээр чинь хайлан урсахад
Хараач! гэж шивнээд догдлон мишээсэн...
...Эелдэг намуухан дууг чинь сонсож
Эгэлгүй булгилах зүрхийг чинь чагнахдаа
Заяа тавилан чамаас хичнээн зайтайг
Зөнгөөрөө мэдрэхдээ санаа алдаад...
...Цасан ширхэг хөгжилтэйхэн будрах
Цагаахан шөнөөр хамтдаа зугаалаагүй
Харвах алсаас хурамхан дөтөлсөн
Хэзээ ч хүршгүй холын од минь...
...Тийм ээ, анхны цас орсон тэр шөнө.
Тэргэл саргүй цагаахан гэгээ...

...1999-09-27

...Хөл нийлэн алхахдаа инээмсэглэл бэлэглэж
Хөгжүүн зангаараа сэтгэл сэргээсэн
Оргүй хоосонд цогцолсон мөрөөдлийн
Орлон тоглогч минь чамд баярлалаа...
...Дэврүүхэн мөрөөдөлдөө дүрийг нь бүтээж
Дэнслэх сэтгэлээр орчлонгоос хайсан
Зүүдний дагина чинь айсуй яваа
Зүрхээ чагнаж түүнийгээ олоорой...

Tuesday, April 22, 2008

... Сэтгэлд татдаг гэгээгээ би гээчихсэн
Сэмхэн ширтэх хүсэл минь төөрчихсөн
Хайртай гэдэг үг чинь зүрхэнд хүрэхээ больсон
Хамтдаа гэсэн итгэл дайжиж одсон...

...ойлгомжгүй...

...Бүтэн өдөр
Бүүр хорин дөрвөн цаг
Хамтдаа байвал...
...Эгшин бүрийг нь удаашруулж
Эвлүүлэггүй бичиж аваад
Хатуу дискэндээ хадгалаад...
Ханатлаа дахин дахин тоглуулахсан...

Thursday, April 17, 2008

...

...Зүрхэнд үлдсэн таны хэв
Зүгээр нэг энгийн бус
Зүрхэлж халдамгүй
...Хүслийн тань амт надад шингэсэн
Халуухан аагийг эсээрээ мэдрэвч
Хааяахан л дурсдагаа, элээхээс эмээж...

...Шөнө тэрлэсэн мөрүүд

...Таны өмнө ичингүйрлээ гээж
Тааллаар тань ундрах бүсгүй хөг.
Эрэмгий уруул, ялдам гарын аясаар
Эгшиглэж, оргилж, цуурайлан харвах...

Tuesday, April 15, 2008

Таны хажууд ...

...Өндөгөөрөө илж, нямбайхан нугална.
Өө, тэр цаас ямар азтайг
Гайхаж барамгүй.
...Хурууных нь аясаар эргэлдэн баясна.
Хавчаар төдий ч ямар жаргалтайд
Атаархаж ханамгүй...

Sunday, April 13, 2008

...Гуйлт

...Дарсны аагаар зүрхээн онгойлгоод
Даруу зангаа нэгтээ мартчихаад
Тархины чадал хүрэхгүй байгаа бүхнийг
Тандаа, цөмийг нь, үлдээлгүй ярихсан.
...Хэн хүнээс нууж хуримталсан нулимсаа
Харцны тань аясаар зоргоор нь урсгаж
Хэлж чадаагүй залгисан бүхнээ
Хүнлэг сэтгэлд тань юүлж тайтгарах сан.

...Будилж, тээнэгэлзэж, буцаж, эргэсээр
Бүдэгхэн замын уулзварт дэндүү удлаа.
Эргэж харахдаа инээмсэглэх ирээдүйг
Итгэж тандаа даатгахыг хүснэм, надад туслаач...

Wednesday, April 2, 2008

...Хаашаа

...Хаашаа, хаашаа би яарах вэ
Хол, ойр, дөт, хэцүү
Хөгжил цэнгэлтэй, хүнд бодлоготой
Харин аль нь миний хүсэл вэ...
...