Wednesday, May 30, 2007

...Чи чадахгүй

... Хэдэр үгс чинь нарны гэрлийг бүүдийлгэж чадахгүй
Хэдий хүсэвч чиний өмнө би гудайхгүй
Харанхуй бодолд чинь мөрөөдөл минь төөрөхгүй
Хайртай гэлээ ч сэтгэлийн гэрлээ чамд булаалгахгүй
...Төсөөлдөг шиг чинь тийм бүсгүй би болохгүй
Тэрслүү, өөдрөг итгэлийг минь чи мохоохгүй
Өчнөөн шаналлаа ч харцны минь гал бөхөхгүй
Өчүүхэн зүрхний чинь зоргоор би амьдрахгүй ээ.

Monday, May 28, 2007

Хүсэл

...Мөчийн төдийд хэлээд өнгөрсөн үг чинь
Мөрөөдлийн харшийн суурь боловч
Хичээн байж бодолдоо урласан хүслийн хотыг
Хормын зуурт зөрөөд өнгөрөхдөө чи нураачихдаг.
...Ганган тансаг гэлээ ч мөрөөдлийн тэр харш
Ганцхан үгэнд балгас болох дэндүү хэврэг.
Үнсэн дундаас боловч ахиад л диваажинг босгох
Үйлийн үртэй миний хүслэн хэзээ ч унтрашгүй.

Wednesday, May 23, 2007

...Үймэх олны дунд би ганцаар сан билүү.
Үгээр, ханаар, царайгаар би тусгаарлагдаж.
Надаас хамаарах, надад хамаатай нэгээхэн ч зүйл
Нартад үгүй шиг, дэндүү аймшигтай.


...Үл таних царай, дөхөж ойртоод
Үгүй ядахнаа уурладаг сан болоосой.
Ямар хачирхалтай вэ, бүх юм
Яг хажуугаар урсаад, цаг хугацаа хүртэл...

+, -

...Өрөөлийг хайрласан сэтгэлд чинь
Өрөвдөж харсан харцанд чинь
Өршөөл гуйж хэлсэн үгэнд чинь
Өс авах шиг хариу барихсан.
...Дэндүү их итгэлийн төлөө
Дэврүүхэн хайрынхаа төлөө
Догдлом мөчүүдийн төлөө
Дурлах шиг чамайг шүтэх сэн.

Monday, May 21, 2007

Миний ...

...Сарнайн дэлбээнд тогтчихоод зуурдхан баясах
Саваагүйхэн шүүдэр, миний хайр
Салхины исгэрээнд дөнгөж амилаад
Сарнисан эгшиг, миний хүсэл
...Сөгнөсөн хундага хөлчүүрхэн уйлах
Сархадын амт, миний гуниг
Санаагаар болохгүй ч жамаараа эргэх
Сарны тойрог, миний амьдрал

Friday, May 18, 2007

...Бороо, болорхон ижилхэн дусалд
Би, дэндүү дуртай.
...Ширхэг бүр нь ариусал тээж
Шиврээнд нь алхаа зөөлрөх
Борогхон өдрүүдийн өнгө сэргээж
Битүүхэн харцанд оч асаах...
...Бороо, бодолд нэвчих ихэрхэн дусалд
Би, дэндүү дуртай.

Wednesday, May 16, 2007

...

...Хав хар, дув дугуй тэр ертөнцөд
Харцнаас чинь зугтаж, харцыг чинь хайж
Харанхуйд төөрч, гэрэлд гялбаж
Хаачихаа мэдэхгүй ч, тойрог дотор.
...Цэв цэлмэг, дув дуугүй нэг өдөр
Цэг тавьчихаад, гадагш алхана.
Эргэх тэнхлэгээр биш, шулуун татаж

Эндээс явж одно, эргэж харахгүй ээ.

Tuesday, May 15, 2007

...Нэгэн дуу

...Чамайг үгүйлэн би уйлан дуулан суусан.
Чимээгүйхэн бороо надтай ханьссан.
Тэртээх тэнгэрт бүүдийх ганц ч үүлгүй
Тэр л өдрүүдэд би ганцаардсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.
...Санаашран суусан өдрүүдээ би мартаад
Сайхан зүүдэндээ чамайг нуусан сан.
Харанхуйгаас зугтах сэтгэлийн өглөөд
Харц чулуудах мэт наран мандсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.Х
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.

...Олох болов уу

...Давалгаалж, цалгилж, шуурч, тогтож
Дандаа өөрчлөгдөх, далай шиг амьдрал
Жаргаж, гомдож, цөхөрч итгэж
Жижигхэн сувдыг хайж шумбах хүний сэтгэл...

Thursday, May 10, 2007

Гомдол

...Бялхаж цалгисан, дэндүү хайрын хариуг барьж байгаа чинь энэ үү
Бардам сэтгэл, гоо хүслэнгээр бахархаж байгаа чинь энэ үү.
Бүсгүй эмзэг, турьхан биеийг энхрийлж байгаа чинь энэ үү
Буй бүхнээрээ, сэтгэл зүрхээрээ эрхэмлэж байгаа чинь энэ үү...

Wednesday, May 9, 2007

...Гиюрэл


...Нартай, цэлмэг, дулаахан сайхан
Нам гүм, тайван, санаа амар
Нээг их жаргалтай баймаар энэ өдөр
Нэг л зүйлийг сэтгэл,нэхээд байх юм...

Tuesday, May 8, 2007

Борооны дараа...

...Яруу, гэнэхэн дурсамж шиг
Ялгуун, намуухан үдэш
Саяхны бороонд агаар ариусаж
Сайхан, зүүд шиг учрал амтагдана.
...Ялдам, тэнэгхэн миний л хайр
Гишгэсэн мөрөнд минь гэрэлтэж үлдсэн.
Яг одоо харц тулгарах
Гэгэлгэн сэтгэлээ хайж алхнам.

Monday, May 7, 2007

...Тэнгэрийн нулимс мэт хурын дусал
Тогтоол уснаа санаа алдан бууна.
Хаанаас ирсэнээ ор тас мартчихаад
Харанхуй шалбаагт чимээгүй уусчихлаа.
...Чи, бороон дусал гэдгээ эргэн санаач.
Цэцгийн дэлбээ чамайг анган хүлээж байгаа.
Болзоотын ёсоор тэргүүнээ өргөсөн түүндээ
Буцаж очихын төлөө үүл болон дэгдээч...

Thursday, May 3, 2007

...Төөрөгдөл


...Мэдэхгүй юм даа, чамайг би мартчихсан юм сан.
Мөч, хормын хугацаанд ч ганцаардаж гунидаггүйг чинь л мэднэ.
Халамцуухан үгээр зүрх сийчиж үнэсэхэд чинь
Хайр бишийг нь мартчихаад зүүдэлж сэрдэг болчихож...

Харц

...Эргэж харалгүй, базаж шидсэн цаас шиг
Эзнээ олохгүй, хөлчүү юм шиг тэнэсэн
Эгдүү хүргэсэн, дээр нь гараад дэвсэлмээр
Эрээ цээргүй, зам дээр унасан харц байх юм.