Monday, December 1, 2008

...

...Шөнөөр, нууцхан хялмаалсан цагаан цасан
Ширхэг гялбуулж,өөдрөг мишээх өглөөний наран
Ширтэж, ичингүйрч, учирсан энгүүн нэгэн
Шимтэж, автаж, мөрөөдмөөр ундрах хүсэл
...шинэхэн

Wednesday, November 26, 2008

...бууж өгөх үү...

...Өнөөх л цөхрөл намайг нүд салгалгүй ширтээд
Өмнөх замын уулзварт хүлээж суугаа.
Тэргүүн өргөж, хажуугаар нь, бардам алхавч
Тэнд л хүсэл минь дуусахыг ... би мэднэ.

Wednesday, November 12, 2008

...хоосон

...Хов хоосон, дотор минь яг хонгил шиг
Харанхуй, төгсгөлгүй, хүйтэн, цэвдэг
Хашгирч, тэвдэж, гүйж, бачимдавч
Хээв нэг, цуурай ч үгүй, хөшүүн, хөлдүү
...Хэзээ нэгтээ инээдэг байсан гэдэгт итгэмээргүй
Хэзээ нэгтээ гэрэл цацарч, хайраар бялхаж
Хэлэх үгэнд сэтгэлээ дайгаад, итгэлээр хүлээдэг асан
Хөөрхий зүрх минь, хэдэнтээ агшаад, занданшиж үлдэж...

Wednesday, November 5, 2008

...



...Халуун уруулын зоргоор би хайлаад
Хайр болж зүрхэнд чинь цутгахыг мөрөөдөнө.
Янаг тэврэлтийн ааганд мансуурч
Яг одоо чинийх болохыг галзууртал хүснэм.

Monday, November 3, 2008

...Жаргал

...Эрээгүй харц, өдсөн үгс, явган хэрүүл
Энэ өдрийн алжаал бүхнээ хаалган цаана үлдээж
Дутуу ажил, буруу алхам, амжилтгүй мөчүүдийг
Даашинз, зүүсгэл, өмсгөлтэй хамт шидлээд
...Хүүхэд шиг ямар энхрийг анзаарч мишээгээд
Хөнжил сөхөж, аяархан гулсан орохдоо
Эрэмгий биеийн илч дүүгсэн өвөрт
Эршүүд уруулаар угтуулах... бүсгүйн жаргал...


Wednesday, October 29, 2008

НҮД


...Чамайг, нарыг, бусдыг хардаг, бас уйлдаг нүд
Чанх дотогшоо, өөрийгөө л хараагүй.
Чин үнэнч хайр гэх мэт, гоё үгст хөгждөг сэтгэл
Чиний,хэн болохыг, хайргүй гэдэгээ хэзээ хойно ойлгосон.
...Тэгээд ганцаардал миний аз жаргал, хань, харц болсон
Тэнэг, ёс суртахуунгүй, гэнэтхэн гарч ирсэн өөртөө би дурласан
Тийм ээ, хэн ч мэдэхгүй, ойлгохгүй, хэлээд өгөхгүй бүхэн
Тэндээс, эндээс, хаанаас ч биш, зөвхөн энэ нүднээс...

АМТТАЙ

...Гамгүй өнгөрүүлсэн өдрүүдийн хойноос
Унагалгүй, гамнасан нулимс аагтай.
Ганцаардаагүй ч шаналсан хоногуудын төлөө
Уйдамгүй, ганцаардлыг одоо амтархана.

Tuesday, October 28, 2008

ӨНӨӨДӨР

...Урт, саарал өдөр
Уйтгартай, хүнд агаар
Жин, хоёр дахин нэмэгдээд
Жигтэйхэн, энэ би биш
...Зүрх, зүүрмэглэчихсэн
Ухаан, унтчихсан
Мэдрэмж, мөхчихсөн
Миний ертөнц, сөнөчихсөн.

Wednesday, October 22, 2008

ЦАСАН


...Цав цагаан өнгө нь хувирч газарт шингэх
Цасны амьсгал агаарт үлдэж.
Цантай амьсгалыг би залгилж...
Цэнгэг, сэрүүн гэж юу болохыг мэдрэх...

Monday, October 6, 2008

...

...Гудамжны өнчин дэнлүүтэй
Гунхах сүүдэр минь ханьсана
Гуравхан алхмын цаана, харанхуйгаас
Гудиггүй ганцаардал намайг ширтэнэ
...Цэлмэг тэнгэрийн оддоор шившихэд
Цээжинд минь мөрөөдөл буцлана
Цэх, шулуун,яарамгүй алхаагаар
Цэрвэм харанхуйг өнгөрсөн рүү үднэ ...

Sunday, September 28, 2008

...SMS...



Chamd heleh ugnii uran ni dulimag bna uu da
Changa teverch medreh ni setgeld mini dutaad bna uu da
Haraagui hernee durlah ni duunii chin saihand bna uu da
Holiin holoos dasah ni gansarsan setgeliinh bna uu da

Ugiig naiz ni urlaj chadna aa
Unenee ch gesen heleed dunguchihnu
Dutuu setgeldee negniig l haisan yum
Dursamj uldeh vii gej ayarhan gemshsen yum

Setgel ayandaa unchrun bodlogoshirood
Seruuhen udesh endee semreh yum
Tertee holiin busguig sanagalzaad
Tuun ruu geed husel mini devreh yum
Uulzah hugatsaa ni setgeliin huch yum shig
Uchrah bolzoo ni denselsen zurh yum shig
Harna da bi chamaig harna
Haraad bi hairlaya
Tevrene de bi chamaig tevrene
Tegeed bi bas hairlaya.

...Uitai namar zurhend ailsahan
Udaan huleesen uchral ulam alslah shig


Uchran uchran jargah husliig mini chi medeh uu
Uyaran uyaran dogdloh zurhiig mini chi medreh uu
Dasan dasan uusah setgeliig mini chi hunduh uu
Denduu denduu hairlah hairiig chi huseh uu

...Husel buhen hair boldoggui
Hair buhen jargal baidaggui
Medremj mini namaig hutulduggui
Minii hen bolohiig chi medehgui...


Husel buhniig horiod hereggui
Hair buhen gunigtai bdaggui
Uchrah udur uchgiig tailag
Uulzah hurtelee iimeeree l baig

...Haa holoos zurhee daij
Haluun setgelee nad ruu ilgeej
Iim gegeen zurvas shidleh chin
Itgel hugluj, setgel dogdluulah yum, bayrlalaa.

Wednesday, September 24, 2008

...sorry...

...Дурлаагүй хэрнээ үнсэж зүрхэлсэн
Дурсах амтгүй уруулыг уучлаарай.
Дулаацах гэсэндээ л алганд чинь багтсан
Дураараа гөлмөгхөн гарыг мартаарай.
...Хайранд чинь дүйцэхгүй доройхон цохилох
Хат суугаагүй зүрхийг ойлгоорой.
Хүний хүслээр тоглож тэнэглэсэн
Харамсаж дуусахгүй сэтгэлийг өршөөгөөрэй.

Tuesday, September 23, 2008

...Fall


...Навчис хөлөөр хөглөрөөд, баяртай гэж сэмээрхэн шивнэх шиг
Нарны туяа эцсийн хүчээр, тэднийг энхрийлэх шиг
Хөөргөн мөрөөдөл бороонд жихүүцэн, зүрхэнд хоргодоод
Хөндийрхүү сэтгэл нөмөр хайж, чамайг зүглээд

...намар ирчихэж.

Monday, September 8, 2008

...асуулт

... гоо дүрс, уянгалаг хоолой
голшиг бие, уран алхаа
үзэсгэлэн чамд харамгүй заяажээ.
үнэн, бусад нь харин хаана байна...

Friday, August 29, 2008

Харамсалтай нь

...Чивчирсэн хүслэн, гал ноцоох харц гэлээ ч
Чин сэтгэл, зөөлөн хайрын дуудлага биш.
Чи өөрөө дур булаам, сайхан эр хүн гэвч
Чанад зүрхний, ганц тавилангийн эзэн биш ээ.

Thursday, August 28, 2008

Зуны нугад...


Хөгжилтэй цэцэгст инээдээ нэмэрлэчихээд
Хөхрөх униараар нүдээ угаачихаад
Харуусал гунигаа салхинд дайж нисгээд
Харин өөрөө шүүдэр болчихсон...
Нарны гэрэлд солонгорон гялбаад
Намайг жаргалдаа бялууран байхад
Чи, тэнд, шүүдэр туучаад,,, нүцгэн хөлөнд чинь
Чийг болж би шингэчихсэн, чи мэдээгүй...

Thursday, August 14, 2008

...үр минь...

...Жижигхэн гараас хөтлөөд
Жирийн бус яриаг амтархан сонсоод
Зүгээргүй анализ хийж сургаал хайрлаад
Зүггүйхэн нүд нь ямархан гэгээтэйг гайхширч
...Энхрий үрээ хайрлаж, эрхлүүлж
Эгнэгт дэргэд нь л баймаар
Ээжээ гэж дуудах хоолойноос
Эгшиг яруу нь гэж үгүй юм аа...
...Жаахан, жаахан, жаахан үр минь
Жаргал хайрласан наран минь
Санаад л, санаад л, санаад л байна.
Сажлах өдрүүд өнгөрч өгөхгүй юм...

Wednesday, August 13, 2008

...мөрөөднөм...


...Хамтдаа алхахад холд хөтлөх хос харгуйг
Халуун хүйтэнд хатуужиж давах хоёргүй итгэлийг
Харыг цагаанаар сүлж чадах хонгор сэтгэлийг
Хан хорвоод амт нэмэх хувиршгүй жаргалыг
...Ширтээд суухад халуу дүүгэх нүдний илчийг
Ширүүлэх өнгөгүй дандаа намуун дотно үгсийг
Хором бүрийг нандигнаж хуваалцах тэр мэдрэмжийг
Хоногийн урсгалд улам нялхрах тунгалаг хайрыг...

Monday, August 11, 2008

E-д...

Над руу ингэж бүү ширтээ, залуу минь
Наалинхай бус ихэмсэг бардам байв чиг
Наанаа чамайг тоогоогүй дүр эсгэвч
Наранд цэцэг тэмүүлэх шиг
… хаширсан сэтгэл минь уярах гээд байна.
Намайг идэвхтэй бүү эргүүлээ, залуу минь
Наадам тоглоомын завсар хавчуулсан үгэнд чинь
Эгдүүрхэж, тохуурхаж хэнэггүйхэн хариу барьдаг ч
Эр хонгор сэтгэлийн чинь халуун илчинд
…эмзэгшсэн зүрх минь хайлах гээд байна.

Thursday, July 24, 2008

...хайр

...Босон суун харуулдах эхийн сэтгэлээс
Бодолдоон багтаах эцгийн энэрлээс
Жигүүр ургаж холд нисэгсэд
Жил жилээр тэр л хайр луу ойртдог...
... энэ хайр ...

...

...Нүдэнд чинь харагдсан бүсгүй би биш байсанд
Нүгэл гэж боддог бүхэн чинь надад таалагддагт
Төсөөлөөгүй тийм л мэдрэмжийг чамд бэлэглэсэнд
Төрсөн сэтгэгдлийг чинь зуун наян хэм эргүүлсэнд
... уучлаарай.

Tuesday, July 22, 2008

Бүсгүй...



...Инээмсэглэл, энэ гоо үзэсгэлэн чамд зориулагдаагүй
Ихэмсэг харц, энхэр бие чинийх болохгүй
Хагацашгүй мөрөөдлийн ханхүү чи биш
Ханатал амталсан дурлалын дарсыг чи исгээгүй.
...Хэзээ ч юм бэ биш, яг одоо холдож одох
Хээнцэр сэтгэл, ганган алхаа хайрынх биш
Хэлээгүй, хэлэхгүй цоожтой зүрхэнд
Хэний ч мэдэхгүй ямархан гал дүрэлздэгийг
...харин бүсгүй л ...

/ Бодрол бүсгүйн блогийг .../

Monday, July 21, 2008

...

...тэнэг би, ухаангүй
тэгээд юу ч болоогүй юм шиг
тэнүүн инээмсэглэл нүүр дүүрэн.
...бодол биш, шунал хэр нь
бүүр жаргалтай байх шиг
болгоомжгүй алхам дандаа урд.

Thursday, July 17, 2008

Тэр


...таавар таалгаж, толгой эргүүлдэг ч
танхи, гэнэн, томоогүй төрхтэй
...тэргүүн өндөр, харц ихэмсэг
тэгээд инээмсэглэл нь хүүхдийнх...

Tuesday, July 15, 2008

...санаад байна.

Илхэн нүдэнд ч, далдхан хүсэлд ч
Чи харагдаад
Инээж баясавч, илүүдэж гүнивч
Чамайг бодоод
Сэрвэгнэх зүүдэнд ч, сэрүүн бодолд ч
Чамаар дутаад
Сэлүүн үдшээр ч, гэгээн өдрөөр ч
Чамайг үгүйлээд...

Thursday, July 10, 2008

...би түүний...

...Сэтгэлийн талд, сэмхэн
Сэрхийх хөнгөн сэвшээ
Зүрхний тольтонд, хааяахан

Зурвас гялбах гэгээ







...Алжаалын үзүүрт үесхэн
Анзаарч, үгүйлэх амт
Адгаж, уйдахад дүрсхэн
Амилах дулаан сэтгэл.

Tuesday, July 8, 2008

...Нэг л...

...Нулимсан дусал олон гэлээ ч
Нэг л инээмсэглэлд тайтгарч, хатдаг.
Нууцхан гуних гашуун гэлээ ч
Нэг л үгэнд тайлагдаж, сарнидаг.
...Чимээгүй хүлээх шаналан гэлээ ч
Нэг л харцанд тайвширч, жаргадаг.

Чамайг үгүйлэх тэвчишгүй гэлээ ч
Нэг л учралд хөглөгдөж, зоригждог.

Monday, June 23, 2008

...гайхширал

...би хэн бэ...
би хаачина вэ...
баяр гуниг минь хаанаас ундрана ?
бардам сэтгэл минь хааш одоо вэ...
...хэзээ эхэлж, хаана дуусах
юуны төлөө би бэдрэнэ?
хэнд итгэж, хэрхэн эцэслэх
юм бүхэн юу ч биш эсэх...

Tuesday, June 10, 2008

...Дуслаад л дуслаад л дуслаад л
Дотогш шингэнэ.
...Урсаад л урсаад л урсаад л
Ууршиж дэгдэнэ.
Ангаад л цангаад л ангаад л
Ахиад л хүлээнэ.
Асгараад л асгараад л асгараад л
Амарч дэвтэнэ.

Wednesday, May 28, 2008

...Нэгэн шүлэг

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

... Р.Эмүжин

Monday, May 26, 2008

...

...Туулах амьдралд
Тулах цэг минь
Эхлэх цэг минь
Очих цэг минь

...Дураараа сэтгэлийн
Дулаахан эмзэглэл минь
Дундрашгүй чадал минь
Дүүрэн жаргал минь

...Зүтгэх итгэлийн
Зоргоороо ундрага минь
Зөөлхөн гуниг минь
Зөндөөн их хайр минь...


... Гүнж минь.

Wednesday, May 21, 2008

Бороо


...Уужран дотор цэлмэнэ
Урин, цэнгэг урсгалд.
Усан дусал бөмбөрөх
Урдах зам өнгөлөг...
...Алхаа хөнгөрөн сэвэлзэнэ
Агаар шунаглан сороход.
Амьсгал гүнд шингэж
Амьдрал амт орох...

Sunday, May 18, 2008

...Түүнд

... Зүгээр нэг хүлээх биш
Зүрх минь элэгдэхийг
Зүгээр нэг нойр хулжих бус
Зөн минь төөрөхийг
...Өнгөрөх хормын тоогоор
Өөрөөс минь чи ууршиж
Дусал дуслаар гээгдэж дундрахыг
Дуугүйхэн харж сууж

... тэсэшгүй нь.

Friday, May 16, 2008

...Найман тоо дарж залгах эрх
Надад байхгүй.

Эгшсэн гомдлоо нулимсаар угаамаар ч
Инээдээр далдалдаг
Гэлдрэх хоногуудад ганцаар бүдрэвч
Гэнэгүйхэн ухааждаг.

Сэтгэлээ хэлхэж зурвас илгээх зүрх
Чамд үгүй...

Thursday, May 15, 2008

...Нүдээ би анихыг хүснэ...
Нүглийг, хүслийг, нууцыг
Нэвт харагдуулахгүйн тулд
Нимгэн зовхины цаана далдлахыг хичээнэ...

Saturday, May 10, 2008

...Хөвнөм би, хайр байдагт итгэж.
Хөл доорх шавхайд хальт гишгэсэн ч...
Хөгжүүн зангаа хаа нэгтээ гээсэн ч...
Хүүхэд ахуй шигээ ханхүүгээ хүлээмээр.
...Жиргэнэм би, зүгээр л баясаж.
Жаахан охин шиг цурхиртал уйлчихаад
Жижигхэн өрөөндөө ганцаараа бүжиглэчихээд
Жилээр биш хормоор амьдармаар...

Friday, May 9, 2008

...

...Инээмсэглэл нүдэнд минь гэрэлтэж
Энгүүн өглөөг жаргалтай угтавч
...Нарны илч мянган цацрагаар дутуу
Намираа бороо түмэн дуслаар ядуу



...Чамайг үгүйлээд

Thursday, May 8, 2008

...

...Таван жилийн өмнө тасарч болох
Тасархай шугам, амьдрал
Үргэлжлэхийн учир...
...Тас хар бэх цаасан дээр буух
Тайтгарал минь, шүлэг
Үргэлж хамт...

Wednesday, May 7, 2008

...Үүрд!?

...Таны нүдэнд би өнгөлөг харагдаж.
Танхил, эмзэг, эмэгтэйлэг үзэгдэж.
Энхрийлмээр, хайрламаар, хамгаалмаар санагдаж.
Энэ чинь харин, хэр удах бол?!

Tuesday, May 6, 2008

Цоож...

...Ганцаардлаа би зүрхнийхээ гүнд
Цоожилчихсон...
Гань ганцаараа сууж л байг.
...Гансарч, ганцаардаад, гаргачихвал
Цоччихно...
Ганц үр минь.

...ээжээ та...








Эгэлээс эгэл
Эргэлдэх өдөр хоногуудын
Өмнө нь биш ард нь чирэгдэж
Өнхөрч явааг минь
...зэмлэхсэн.
Гэхдээ

Эрэвгэр үрийг минь
Энхрийлж, надаас олон үнсэх
Дэндүү хайранд тань нялхарч
Дандаа би, гэнэн явахсан...

Ээжээ, та
Энд, дэргэд минь байвал...

Monday, May 5, 2008

...

Гар, амьсгал, хөдөлгөөн чинь
Ганц дутагдал, тамхи татах чинь
Галзууруулах нь...
Тэвэрт чинь шөнөжин эрхэлсэн ч
Тэнэг хайр, тэсгэлгүй хүсэл
Дундрашгүй нь...

Wednesday, April 30, 2008

...Хүлээнэм

...Айсуй учралыг
Амттайхан үнсэлтийг
Аагим халууныг
Асгарах бороог
...Дотно тэврэлтийг
Догдлом мөчүүдийг
Тэвчишгүй хүслийг
Тэнгэрлэг хайрыг...

Monday, April 28, 2008

...

...Дүрс хийж ассан тэр гал
Дулаахан бус шатаам халуун...
Цоройлж өндөрт дүрэлзсэн ч
Цогшиж үлдэлгүй унтарсан.
...Илч нь насных бус цагийнх
Илүүдсэн хүслийнх
Ичингүйрлээ гээсэн гэлээ ч
Инчийн төдий завсрынх...

Friday, April 25, 2008

...

...Зүрх минь хайр дуулна.
Зүүд минь учрал дуудна.
Зөн минь чамайг зүглэнэ...
Зөвхөн ухаан ... болохгүй гэж шивнэнэ.

Thursday, April 24, 2008

...1999-10-03

...Зуныг үдсэн анхны цагаан цас
Зурвасхан гэрэлд шүхэрлэн байсан.
Халуухан алган дээр чинь хайлан урсахад
Хараач! гэж шивнээд догдлон мишээсэн...
...Эелдэг намуухан дууг чинь сонсож
Эгэлгүй булгилах зүрхийг чинь чагнахдаа
Заяа тавилан чамаас хичнээн зайтайг
Зөнгөөрөө мэдрэхдээ санаа алдаад...
...Цасан ширхэг хөгжилтэйхэн будрах
Цагаахан шөнөөр хамтдаа зугаалаагүй
Харвах алсаас хурамхан дөтөлсөн
Хэзээ ч хүршгүй холын од минь...
...Тийм ээ, анхны цас орсон тэр шөнө.
Тэргэл саргүй цагаахан гэгээ...

...1999-09-27

...Хөл нийлэн алхахдаа инээмсэглэл бэлэглэж
Хөгжүүн зангаараа сэтгэл сэргээсэн
Оргүй хоосонд цогцолсон мөрөөдлийн
Орлон тоглогч минь чамд баярлалаа...
...Дэврүүхэн мөрөөдөлдөө дүрийг нь бүтээж
Дэнслэх сэтгэлээр орчлонгоос хайсан
Зүүдний дагина чинь айсуй яваа
Зүрхээ чагнаж түүнийгээ олоорой...

Tuesday, April 22, 2008

... Сэтгэлд татдаг гэгээгээ би гээчихсэн
Сэмхэн ширтэх хүсэл минь төөрчихсөн
Хайртай гэдэг үг чинь зүрхэнд хүрэхээ больсон
Хамтдаа гэсэн итгэл дайжиж одсон...

...ойлгомжгүй...

...Бүтэн өдөр
Бүүр хорин дөрвөн цаг
Хамтдаа байвал...
...Эгшин бүрийг нь удаашруулж
Эвлүүлэггүй бичиж аваад
Хатуу дискэндээ хадгалаад...
Ханатлаа дахин дахин тоглуулахсан...

Thursday, April 17, 2008

...

...Зүрхэнд үлдсэн таны хэв
Зүгээр нэг энгийн бус
Зүрхэлж халдамгүй
...Хүслийн тань амт надад шингэсэн
Халуухан аагийг эсээрээ мэдрэвч
Хааяахан л дурсдагаа, элээхээс эмээж...

...Шөнө тэрлэсэн мөрүүд

...Таны өмнө ичингүйрлээ гээж
Тааллаар тань ундрах бүсгүй хөг.
Эрэмгий уруул, ялдам гарын аясаар
Эгшиглэж, оргилж, цуурайлан харвах...

Tuesday, April 15, 2008

Таны хажууд ...

...Өндөгөөрөө илж, нямбайхан нугална.
Өө, тэр цаас ямар азтайг
Гайхаж барамгүй.
...Хурууных нь аясаар эргэлдэн баясна.
Хавчаар төдий ч ямар жаргалтайд
Атаархаж ханамгүй...

Sunday, April 13, 2008

...Гуйлт

...Дарсны аагаар зүрхээн онгойлгоод
Даруу зангаа нэгтээ мартчихаад
Тархины чадал хүрэхгүй байгаа бүхнийг
Тандаа, цөмийг нь, үлдээлгүй ярихсан.
...Хэн хүнээс нууж хуримталсан нулимсаа
Харцны тань аясаар зоргоор нь урсгаж
Хэлж чадаагүй залгисан бүхнээ
Хүнлэг сэтгэлд тань юүлж тайтгарах сан.

...Будилж, тээнэгэлзэж, буцаж, эргэсээр
Бүдэгхэн замын уулзварт дэндүү удлаа.
Эргэж харахдаа инээмсэглэх ирээдүйг
Итгэж тандаа даатгахыг хүснэм, надад туслаач...

Wednesday, April 2, 2008

...Хаашаа

...Хаашаа, хаашаа би яарах вэ
Хол, ойр, дөт, хэцүү
Хөгжил цэнгэлтэй, хүнд бодлоготой
Харин аль нь миний хүсэл вэ...
...

Wednesday, March 26, 2008

... Урьд шөнө

...Хав харанхуй, хүйтэн... урт
Хаашаа ч зугтах аргагүй
Дурсамжийн гэрэл гийгүүлж дийлэхгүй
Дураараа сэтгэл ухаанд захирагдахгүй
...Хүсэл, хүсэл, хүсэл намайг хөтөлж
Хүний, хэрэггүй, хүсээгүй замаар
Хөл гишгээд үзэхийг ятгана...
Хүйтэн шөнөөс болоод би зөвшөөрнө...

Friday, March 14, 2008

...Нойргүй хүсэл

...Өнгө цагаан, зүс улаан
Өөгүй цэмцгэр, өөдгүй гашуун
Дурсамж эрээлжлэн, ээлжлэн
Дутуу аньсан зовхинд хавчуулагдана.
...Хүсэх, эс хүсэх маргааш
Хүрэх, үл хүрэх зам жим
Тунгаах оюун, сарниах тэчъяадал
Тулалдаж, үймэлдэж, унтарч, дэврэх...

Thursday, March 6, 2008

...Хүслийн хүсэл

...Харанхуйд хааяа алхахдаа
Хажуудаа дулаан илч мэдрэхийг
Гүн нойронд умбахдаа
Гэмгүйхэн тэврэлтэнд бүүвэйлэгдэхийг

...Энгүүн өдрийн орой
Энхрий нүд намайг хүлээхийг
Ирээдүй рүү гэрэлтэх зам мөр
Эгнэгт хосоороод итгэхийг...

Thursday, February 14, 2008

...Аалийг чинь аргадаж
Аашийг чинь уучилдаг ч
Хүслээн тогтоож чадашгүй
Хүнийх байхыг чинь тэвчишгүй...

Tuesday, February 12, 2008

Хавар

...Цэцэгс амилах хавартай цуг
Цээжинд хүсэл сэрдэг.
Буцаж мятрах хүйтэнтэй хамт
Бодлоос гуниг үргэдэг.
...Навчис гөлөглөх моддын үнэрт
Нандин мөрөөдөл төрдөг.
Наашлах уриныг мэдрэн догдолж
Нас, зүс өнгөжин туяардаг...

Wednesday, February 6, 2008

@->-- ...

...Шат алгасан, хөл хөнгөрөх
Шинэхэн дурлалын амт
Солбиж зөрсөн харцаар сэрэх
Соньхон мэдрэмжийн охь
...Учиртай ширтдэг ч намбатай ярьдаг
Ухаалаг, царайлаг түүнийг харах
Хааяа тааралдах, хальт мэндлэх
Хачин жигтэй тааламжит шаналан...

Friday, February 1, 2008

Блог

...Үг, цэг, таслал
Үсэг, тэмдэгт, огноо
Өгүүлэл, дурсамж,тэмдэглэл
Өнөөдөр, өчигдөр, маргааш
...Инээд, нулимс, бухимдал
Эргэлзэл, эрэмшил, иргэншил
Энгүүн, хөгжүүн, ирмүүн
Эгэлгүй, бодьгүй, бодлын ертөнц.... блог.

...Ээждээ

...Дулаахан гараараа толгой илбэж
Дандаа намуухан дуугардаг ижий минь
Дэндүү эрт буцаад явахад чинь
Дэр нэвтэртэл уйлж чадаагүй ээ,охин чинь.
...Тэгэхэд дотогшоо залгисан нулимсаа
Тэнэглэх бүртээ одоо дусаадаг.
Хоолой зөөллөж үрээ дуудахдаа
Хонгорхон сэтгэл тань надад шингэснийг ухаардаг.
...Таниасаа хойш уйлах тоог цөөлж
Тэвчээрээ надад үлдээснийг тань ойлгосон.
Гарын илчээр хайраа дамжуулж
Ганцхан үрээ хайрлах ... би ээж.Яг л тань шигээ.

Wednesday, January 30, 2008

...'Яв даа, хөвгүүн минь яв
Янзгүйхэн хайраа зүрхэн дээрээс ав'
Яруу сайхан биш энэ л мөрүүд
Яагаад ч юм нүдэнд тусчихлаа.
...Уруул давамгүй хагацлын үгсийг
Урьтаж би хэлэх ёстой юм уу.
Хүсэвч бүтэхгүй заяагаа дагаж
Хөрчихсөн нурмыг үлээхээ болих уу...

Monday, January 28, 2008

..Таньдаа

... Сэмхэн таны тухай би мөрөөддөг
Сэтгэлдээ минийх гэж шивнэдэг ч
Сэрүүн зүүд л байдаг.
...Зөөлхөн хоолойг тань сонсоод
Зөндөөн их сандардаг ч
Зүрх минь таных байдаг.

Tuesday, January 22, 2008

...Эрхэмээд

...Нүд чинь ямархан өнгөөр гэрэлтэхийг
Нөгөөх инээмсэглэл чинь хэвээрээ эсэхийг
Зүүдэнд ирдэг төрх чинь хэр зөрөхийг
Зүрхэнд чинь миний мөр үлдсэн үгүйг МЭДЭХСЭН...
Далай шиг, сэтгэлд цалгих дурсамжийн
Дусал... чамд үлдсэн болов уу.
Дандаа санаж үгүйлдэг хайрыг
Дэвтэртэй минь хамт мартсан болов уу, ЭСВЭЛ...

Wednesday, January 16, 2008

...миний хөрөг

...Цав цагаан өнгөөр дүрсагдахгүй ээ, би
Цаг хугацаа шиг, манан, сүүдэр шиг
Цайвгар, саарал, сүүмгэр, сиймхий
Цэгээхэн өнгөөр намайг дүрсэлбэл
...Эртний анд ч, заяаны хань минь ч
Энгүүн нэг замын танил ч
Эргээд чи өөрөө, бас би
Энэ БИ мөн гэж танина...

Sunday, January 13, 2008

Нэгэн дуу

...You, do you remember me
Like i remember you...
...Somebody want you
Somebody need you
Somebody dreams about you....
..Somebody's me.



Saturday, January 5, 2008

...Диско...

...Чиний нүд над дээр унаг хамаагүй
Цэмцгэр бүсгүйчүүд сэмхэн шивнэлдэг хамаагүй
Царай минь хөлөрч, халууцаж улайг хамаагүй
Чанга хөгжим, дэгжин хэмнэлд би уусна

...Бэлхүүс нарийн, хөл тэгш
Бүсгүй хүн бүжиглэж байна, харцгаа
Бараан саарал амьдралыг өнгийн гэрлээр сүлж
Бүтээгүй бүхэн хөл дор гишгэгдлээ, диско мандтугай...
...Бүүдгэр өдөр ч нүдэнд минь туяа татдаг
Бүүр шөнө ч зүрх минь галтай байдаг
Хамаг учир нь таны минь сэтгэл
Харц, халамж, халуухан уруул, зөөлөн тэврэлт